Их сургуулийн анги танхимууд чимээ шуугиангүй болж, улирлын болоод улсын шалгалт, диплом хамгаалалт зэрэг нойр хугасалсан ажлууд хэдийнэ ард хоцорчээ. Ялангуяа төгсөгчдийн хувьд амьдралын чухал мөчүүд болж өнгөрлөө. Энэ онд хэд хэдэн монголчууд УТНИС-д бакалавраа дүүргэж дипломаа гардан авлаа. Тэдний нэг нь болох Зоригоогийн Солонготуяатай та бүхнийг уулзуулж байна. Таван жилийн нөр их хөдөлмөрийнхөө хүчинд УТНИС-н физик математик, байгалийн шинжлэх ухааны факультетыг математикч, програмист мэргэжлээр улаан дипломтай төгсөв. түүний бичсэн дипломын ажил шилдгээр шалгарчээ. Тэрээр одоо магистарт элсэх шалгалтандаа тэнцчихээд тушаал гарахыг хүлээж байна. Факультетын түүхэн дэх хамгийн анхны улаан дипломт гадаад оюутнаар монгол хүн тодорсныг сонсоход үнэнхүү бахархмаар.