Улс түмний найрамдлын их сургуульд өнөөгийн байдлаар 170 гаруй Монгол оюутан сурдгаас тэдний дунд эрдэм мэдлэг, авъяас чадлаараа бусдыгаа хошуучлан, амжилттай суралцаж байгаа олон оюутан байдаг билээ. Тэдний нэг болох зуун буудалт даамын дэлхийн аварга Ганболдын Гэрэлболдтой та бүхнийг уулзуулах гэж байгаадаа баяртай байна.
- Даамын спортоор хичээллэх болсон чинь юутай холбоотой вэ? Танай гэр бүлд чамаас өөр энэ спортоор хичээллэдэг хүн бий юу?
Даамын спортод хөтөлсөн хүн бол манай өвөө. Өвөө маань өөрөө даамын спортын мастер Дорж гэж хүн бий. Тэрээр намайг даамны тэмцээнд ор гэж зөвлөсөн. Хэдий би өөрөө тийм дуртай байгаагүй ч гэсэн өвөөгийнхөө хэлснээр тэмцээнд орсон. Гэтэл тэмцээний үеэр нэг охинд дурлачихдаг юм байна.
Тэр охин надаас өндөр зэрэгтэй байсан болохоор танилцаж чадаагүй. Энэ цагаас хойш би даамаар тууштай хичээллэж эхэлсэн гэж хэлж болно. Өндөр зэрэгтэй болчихоод тэр охинтой танилцах зорилгыг өөртөө тавьсан. Магадгүй тэр охины ачаар би дэлхийн аварга гэдэг хэргэм зэрэгт хүрсэн байх. Одоо энэ охинтойгоо сайн найзуудын хувиар харилцдаг.
- Оролцсон тэмцээн болон гаргасан амжилтуудынхаа талаар бидэнтэй хуваалцаач?
2003 оны Монголын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан юм. 2004 оныхоос алтан медаль авч дэлхийн аваргын тэмцээнд явах эрх авсан. Польшийн Мизг Мазависк хотод болсон энэ тэмцээнд 24-р байр эзэлсэн. Анх удаа олон улсын чанартай тэмцээнд оролцсон маань тэр. Хойтон жил нь өсвөрийн улсын аваргад ороод мөнгөн медаль авч Украйн явах эрх авсан боловч Украины хилээр биднийг гаргаагүй учраас оролцож чадалгүй буцсан. 2006 онд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод зохиогдож 14-р байранд шалгарсан. 2007 онд Францын Тулуз хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авснаар дэлхийн аварга болох зорилгодоо хүрч билээ. 2008, 2009 онд өсвөрийн улсын аваргаас тус тус мөнгөн медаль авсан.
- Арван жилээ ямар сургуульд дүүргэсэн бэ? Яагаад Оросод сурахаар болов?
2009 онд 84-р сургуульд 11-р ангиа төгссөн. Гуравдугаар анги хүртлээ Монголд сурч байгаад 4-р ангиасаа Ростов хотод шилжин сурсан. Тэр үед ээж маань аспирантурт сурч байсан юм. Багаасаа л Оросод сурахыг хүсдэг байсан. Яагаад гэвэл Оросын ард түмэн олон алдартай эрдэмтдийг төрүүлсэн шүү дээ. Тэр хүмүүсийн нээлтүүд болон гайхамшигт бүтээлүүдтэй төрөлх хэл дээр нь танилцана гэдэг миний хувьд азтай хэрэг гэж боддог.
- Чамайг барилгын инженерын мэргэжлээр сурдаг гэдгийг мэдэх юм байна. Энэ мэргэжлийг сонгоход ямар нэгэн хүн нөлөөлсөн үү, эсвэл багаасаа хүсч байв уу?
Жаахан байхад эрдэнийн чулуу болон өнгөлөг зүйлс миний сонирхлыг их татдаг байлаа. Тиймээс уул уурхайн чиглэлээр сурна даа гэсэн бодолтой байв. Харин барилгын инженер гэдэг мэргэжлийг сонгоход хүн биш нэгэн кино нөлөөлсөн юм. “Шоронгийн сүүрэл” (Prison Break) гэдэг нэртэй.
- Чөлөөт цагаараа даам тоглохоос өөр юу хийх дуртай вэ?
Цагийг үр бүтээлгүй өнгөрөөх дургүй. Ганцаарчилсан төрлийн бүх спортод дуртай. Боломж гарвал хөнгөн атлетикаар хичээллэхийг боддог.
- Гэр бүл, найз нөхдөөсөө хол ганцаараа биеэ дааж амьдрахад хүнрэлтэй зүйл юу байна? Хөршүүд чинь хаанаас ирсэн, ямар хүмүүс байдаг вэ? Чинийхээр энэ сургуульд сурахын давуу тал нь юунд оршиж байна?
Ээж ааваасаа хол ганцаараа биеэ дааж амьдрахад хүндрэлтэй ч гэсэн таалагдаж байна. Бусад оюутнуудын адилаар цаг хугацаатайгаа хөл зэрэгцүүлэн алхаж яваадаа баяртай байгаа. Нэг хөрш маань Оросын иргэн, нөгөөх нь Нигер улсаас ирсэн. Орос хөрштэйгөө оросоор ярьж, Африк хөрштэйгөө англиар яриад хэлний мэдлэгээ ч гэсэн дээшлүүлж байгаа. Францад тэмцээнд орж байхдаа анх удаа хар хүнтэй таараад гайхаж, балмагдсандаа хожигдсон тохиолдол бий. Харин энэ сургуульд ирээд хөрштэйгөө ахан дүүгээс ч ялгаагүй сайхан нөхөрлөж, найзалж байгаа маань энэ сургуульд сурч байгаан нэг давуу тал юм болов уу гэж бодож байна. Бас энэ сургуульд олон улсын соёл, зан заншилтай танилцаж, үндэстэн бүрийн хоол бэлтгэж сурч байгаа. Яагаад гэвэл би өөрөө хоол хийх дуртай л даа.
- Өөрөө олон орон руу тэмцээнд оролцохоор явж байсан. Сэтгэлд хамгийн их хоногшсон ямар орон байна?
Польшид тэмцээнд оролцож байх үеэ би хамгийн их дурсдаг юм. Яагаад гэвэл анх удаагаа далай харсан юм. Тэмцээн дууссаны дараа зохион байгуулагч орон биднийг далайн эрэг дээр хоолонд оруулж байсан тэр мөч бол сэтгэлд маань хоногшсон хамгийн сайхан мөч.
- Ирээдүйдээ ямар хүн болохыг хүсч байна?
Ирээдүйдээ нөлөө бүхий том хүн болно гэдэгтээ итгэлтэй байгаа шүү. Үүнийхээ төлөө хичээх болноо.
Ярилцсанд баярлалаа. Эрдмийн болон их спортын чинь үйлсэд өндөр амжилт хүсье
Ярилцсан Т.Цэвэлсүрэн /Сэтгүүл зүй 2-р курс/
4 комментария:
manai surguuld iim xuurxun bandi baidgiim uu xixi Nyamaa axaa utsi ni tavij uguuch xixi
amijlt husie!
hoorhon sh de goe yariltslaga ogson bna amjilt
Za amjilt husey.
Отправить комментарий