Орчуулсан: Г.Даваадорж.
Монголчууд Эзний Бунхныг сахин хамгаалагчид мөн үү?
Лев Гумилевын хувилбар: за или против
1260 он гарахын өмнөх өдөр Палестин дахь загалмайтнууд баярт мэдээ хүлээж авлаа. Лалын
шажинт мамлюкуудаас олон удаагийн ялагдал хүлээгээд байсан ариун газрын вант улс, герцогуудын хийгээд сеньориудын улсуудад туслахаар хүчирхэг арми ирж явна гэв.
Тэр цагт Ази, Европын ард түмнийг айдаст автуулж байсан монголчууд, гэв гэнэт загалмайтнуудын хүчирхэг холбоотон болчихов.
Чингис хааны ач хүү, авьяаслаг жанжин Хүлэгүгийн удирдсан цэрэг 1256 онд Ассасинчуудын Аламут цайзыг эзэлж, дараа жил нь Иранд Исмаилитуудыг бут цохиод Багдад хотыг зүглэв. Ойрх дорнод дахь Христосын шажинтнууд монголчуудыг хөөр баяр болон угтаж байлаа.
Гэхдээ Хүлэгү буддын шашны агийн ёсыг баримтлагч байсан юм. Харин түүний хатан Докуз Христэд итгэхийн сацуу христосын шажинтнуудад элэгсэг ханддаг байлаа. Хүлэгүд хамгийн ихээр хүчин зүтгэж байсан хүмүүс бол христос шажны несторын урсгалыг баримтлагч цэргийн даамал Кит-Бука болон түүний шадар туслахууд юм. Монголчуудын тусламжтай Багдадыг сөхрүүлэн агуу их Армены төрт улсыг байгуулахыг мөрөөдсөн Бага Армены хаан 1-р Гетум монголчуудын холбоотон болов. Үүнээс өмнө 1253 онд 1-р Гетум холбоотны гэрээ байгуулах саналыг монголын их хаан Мөнхөд тавьж байжээ. Түүнийхээр энэ гэрээний зорилт нь монголчууд хийгээд христос шажинтнуудын найрамдлыг тогтоож, христосын шажны зүтгэлтнүүдийг албан татвараас чөлөөлөхийн сацуу ариун газрыг чөлөөлж, лалынхны эзэлсэн армяны бүх газар нутгийг эргүүлэн авахад монголчуудыг оролцуулахад оршиж байв. 1258 оны 2-р сард Хүлэгүгийн арми Багдадыг эзэлснээр Аббасидуудын удмынхны барьж байсан Багдадын халифатын төрт улс нуран унах нь тэр. Сүүлчийн халифат Мустасимаг монголчууд цаазалж орхив. Түүний орд харшийг энэхүү “Ариун дайнд” Хүлэгүг адисласан нестор шашны тэргүүн хамбад бэлэг болгов. Армены хаан болон түүний хүргэн хүү 6-р Антион Боэмундагийн цэрэг монголчуудтай нэгдэв. 1258-1259 онд монголын арми холбоотнуудын хамтаар Сири, Месопотамын султанат жижиг улсуудыг эзлэв. Алеппо, Дамаск, Хам, Хомс, Банияс зэрэг улсууд ээлж дараалан өвдөг сөхөрлөө. Ялалт байгуулсан тэдгээр нь лалын удирдагчдыг алан, сүм хийдийг нь шатааж, харин христос шажны сүм хийдийг сэргээн чимэглэж байв. 1260 оны 1 сард монголчууд Евратад довтолсноор, аян дайны шийдвэрлэх үе ирлээ. Энэ аян дайныг, дундад зууныг судлагч Их Британы эрдэмтэн Роберт Ирвин “Христосын шажны джихад” (“хүчин зүтгэх” гэсэн утгатай араб үг. Мусальманчууд шашинд тэрслэгчдийн эсрэг явуулдаг тэмцлийнхээ нэгэн хэлбэрийг “джихад” гэж нэрлэдэг. ) гэж нэрлэжээ. Европод “шар загалмайтнуудын” аян дайн амжилттай явагдаж байгааг баяртайгаар ажиглан харж байлаа. Хүлэгү хаан, Докуз хатан нарыг Ромын эзэнт гүрэнд христосын шажныг албан ёсоор тунхагласан хаан Константин болон түүний эхнэр Елена нартай эн зэрэгцүүлэв. Европчууд, “ Христосын шинэ дайчид” ариун хот, эзний бунхныг хэзээ чөлөөлж, ялалт байгуулах бол хэмээн тэсэн ядан хүлээж байлаа. Гэвч мамлюкуудтай ойр байдаг Палестин дахь загалмайтны вангууд хүчирхэг холбоотон ирж яваа мэдээнд яагаад ч юм баярлаж хөөрсөнгүй. Иоаннитууд хийгээд тамплиерчуудын рыцарууд франкын цэрэг армийн үндсэн бүрэлдэхүүн нь болдог байлаа. Тэдний удирдагчид нь, хэрвээ монголын чөтгөрүүд ирвэл, Христосын төлөө тулаанд ороход бэлэн гэдгээ шууд мэдэгдэв. Түүгээр барахгүй, Аркад болсон цэргийн зөвлөгөөн дээр монголчуудын эсрэг босч, мамлюкуудтай холбоотон болох асуудал ч яригдаадхав. Хэдийгээр холбоотон болоогүй ч, загалмайтнууд мамлюкын султан Кутузын армийг Арка хотын хэрэмний орчимд буудаллуулан, хүнс, морины тэжээлээр хангаж, тэр үед монголчуудын байрлаж байсан Иерусалимын вант улсын эзэмшил болох Галилейгаар саадгүй өнгөрөөлөө. Франкуудын ийм алхам хийх болсны шалтгаан нь юу вэ? Яагаад тэд сүсэг нэгт Кита-Бук, түүний нөхдийн тусламжаас эрс татгалзаж, өөрсдийн заналт дайсан мусальманчуудыг дэмжих болов? Лев Гумилев: “Энэ бол үйл хэргээсээ илэрхий урвасан хэрэг” гэж үздэг. Франкуудын энэ хэрэг угсаатны нийлэгжлийн онолыг үндэслэгчийн санааг чилээж, “Шар загалмайтны аян дайны”-ы сэдэвтэй зууралдахад хүргэжээ. Гумилев “Зохиомол хаант улсын эрэлд” бүтээлдээ франкчууд монголчуудтай эв эвдрэлцсэнд Сидоны гүн Жульен буруутай гэж бичжээ. Учир нь гүн “шалтаггүйгээр” монгол цэргийн эргүүлийн хэсэг рүү довтолсон аж. Тулааны үеэр Кит-Бука ноёны ач хүү үрэгдэв. Хариуд нь монголчууд Сидон хотыг бүслэн, эзэлж аваад үнсэн товрог болгов. Гүн өөрөө генуэзийн хөлөг онгоцоор зугтаж амжлаа. Загалмайтны вангууд жудаггүй гүнтэнг өмгөөлөн босов. Тэд Сидон хотыг сүйтгэсэн монголчуудад хорсож, “Шар загалмайтнууд” бол Ариун Газрын гол дайсан хэмээн зарлав. “Энэ бол гүн төөрөгдөл байсан бөгөөд энэ нь 13-р зууны 2-р хагаст болсон үйл явдалд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн ” гэж Лев Гумилев онцолжээ. Түүний үзэж байгаагаар, монголын хаадууд Палестин руу цэргээ хөдөлгөн Эзний Бунхныг чөлөөлж, нутгийн сүсэгтнүүдэд туслах чин зорилгыг өвөрлөж байсан байна. Тэрээр Кит-Бука ноёныг “Дорнын Христос шажинтнуудын сүүлчийн паладин” (Ром, Византын хаадын ордонд алба хаадаг байсан өндөр хэргэм бүхий түшмэдийн өргөмж нэр. ) гэж нэрлэжээ. Гэхдээ “Шар загалмайтны аян дайн”-ыг ийнхүү сайшаан үнэлсэн нь түүхийн үнэнд хэр нийцэж байгаа юм бол? Монголчууд нь тун хашир удирдагчид, хэрцгий байлдан дагуулагчид байсан. Гэтэл ямар учраас тэд холын европчуудын үйл хэрэгт хүчин зүтгэх болов? Учир зүйн үүднээс авч үзэхэд, “шар загалмайтны” гэгдэх энэхүү аян дайны зорилго нь Христосын аврах увидаст итгэсэн нүүдэлчдийн романтик альтруизм(Амин хувиа үл хичээж, бусдын төлөө байх ) байсан гэхэд хэцүү. Харин ч эсрэгээрээ, монголчууд тодорхой зорилтууд тавьж байжээ. Палестин руу хийсэн аян дайныг зохион байгуулагчид чухамхүү ямар санаа өвөрлөж байсныг мэдэхийн тулд дайн эхлүүлэх шийдвэр гарсан тэр үе рүү эргэж очъё. 1253 оны хавар Онон мөрний дээд биед монгол ноёдын уламжлалт Их Хуралдай хуралдав. Их Хуралдай нь монголын эзэнт гүрний төрийн дээд байгууллага байсан бөгөөд Хуралдайн үеэр шинэ хааныг өргөмжилж, дайны төлөвлөгөөг баталдаг байв. Энэ удаагийн Их Хуралдайг 1251 онд хаан суусан Чингис хааны ач хүү Мөнх удирдан явууллаа. Эхний ээлжинд хэдэн арван жил үргэлжилж буй хятад дахь дайныг төгсгөл болгохоор шийдэв. Өмнөд хятад руу хийх дайныг хаан хүү Хубилай толгойлов. Тэрээр Наньчжаогийн хаант улсыг бут ниргэж, төвд, бирм угсааны аймгуудыг эрхшээлдээ оруулаад Ханой хотыг эзэллээ. Гэвч хятад дахь дайн үүгээр дуусалгүй олон жил үргэлжилсэн юм. Монголын армийн хоёр дахь анги баруун өмнө зүгийн Багдад, Сири, Палестинд цохилт өгөхөөр боллоо. Лев Гумилевынхаар Их Хуралдайд оролцогчид нь Иерусалимыг мусульманчуудаас чөлөөлөхийг хаан хүү Хүлэгүд даалгасан, тодруулбал “Ариун Хотыг чөлөөлөх” аян дайныг батлан зөвшөөрсөн байна. Гэвч, Мөнх Тэнгэрийг шүтэж, өвөг дээдсийнхээ сүр сүлдийг дээдэлдэг монголчууд уламжлалт хурлаараа загалмайтны үзэл, номлолын төлөөх дайныг эхлүүлсэн гэхэд тун ч үнэмшилгүй сонсогдоно. Их хаан Мөнх, алтан ургийнхны дунд хамгийн ахмад болох Бат хаан нар несторианчуудад элэгтэй ханддаг байсан ч язгуур сүсэг бишрэлээ хатуу сахидаг байсныг бид мэднэ. Мөнх хаан нь “ан авд машид хорхойтой, удгануудын мэргэ төлөгт үнэнээсээ итгэдэг гэгддэг байв. Аливаа ажиллагааг эхлүүлэхээсээ өмнө бөө, удгануудыг заавал дуудаж авчруулдаг” байлаа. Ингээд бодохоор, монголын их хааныг “Эзний Бунхныг хамгаалагч”, загалмайтны аян дайныг санаачлагчийн дүрээр төсөөлөхөд учир дутагдалтай. Мөнх болоод түүний баатар жанжнууд нь тууштай реалистууд байв. Тэд өргөн хүрээний байлдан дагуулах ажиллагааныхаа бодлогод ямар нэгэн шашны сургаал, далд хүчний тухай номлолыг авч хэрэглэдэггүй байсан юм. Чингисийн үр хойчийн эзэмшил нутгийг тэлэх нь тэдний хэтийн зорилго байв. Энэ үүднээс аваад үзэхэд, Хулэгү хааны удирдсан “шар загалмайтны” гэгдэх энэ аян дайн нь Иран, Ойрх Дорнодыг чиглэсэн монголчуудын эзлэн түрэмгийллийн ээлжит нэгэн ажиллагаа юм. Харин одоо жинхэнэ загалмайтнуудын үйл хөдлөлийг харъя. Монголын арми Багдадын халифатыг унагаж, Сирийг эрхшээлдээ оруулсны дараа 1259 онд Газа хотын ойролцоо саатав. Энэ үеэр Хулэгү хаан Их Хаан тэнгэрт хальсан мэдээг хүлээж авлаа. Тэрээр Палестинд Кит-Букийн удирдлагад бага хэмжээний арми үлдээгээд Иран руу яаралтай буцав. 1960 оны 9 сарын 3-ны өдөр мамлюкууд Куттуз султаны удирдлаган дор монголын отрядыг бут цохиж, Кит-Буки ноёныг цаазлав. Мамлюкуудын цэрэг Сирийг гартаа оруулан улмаар загалмайтнуудыг хядаж, лалын сүм хийдүүдийг сэргээн босгов. Харин энэ үед Хулэгү хаан ямар ч алхам хийсэнгүй. Тэрээр Иранд сууршин бие даасан төр улсаа байгуулснаар эзэнт гүрэнтэй ёс төдий холбоотой байдаг болов.
Палестин руу хийсэн аян дайны зорилго гэгдэх нөгөөх Ариун Газрыг чөлөөлөх төлөвлөгөө, Иерусалимыг мусульманчуудын гараас аврах ажил ч таг мартагдав. Тэндээ Хулэгү Ираны “Ильханаар” өргөмжлөгдлөө. Ийнхүү Хулэгү 1353 он хүртэл Ираны төрийг барьсан шинэ ургийн хаанчлалын суурийг тавив. “Шар загалмайтны аян дайны” удирдагчийн үр сад лалын шашинд орж, мамлюкуудтай энх тайван тогтоов. Энэ маягаар, монголчуудын Палестинд хийсэн аян дайн нь өөртөө болон өөрийн үр хойчид хаан ширээ зэхэхийг зорьсон Чингисийн ач хөвгүүний дайны ээлжит ажиллагаа байлаа. Харин франкуудын хариу үйлдэл тун ч ухаалаг алхам байсан юм. Загалмайтнууд хөгжин цэцэглэж байсан хот балгадыг дээрэмдэн сүйтгэсэн «холын найзуудад» итгэснээс , нэг үе дайтаж, нэг үе найрамдаж байсан «ойрын дайснууд» болох нутгийн мусальманчуудад тусалсан нь дээр гэж үзжээ. (Монголчуудад алагдсан эйюбидийн султан Алеппо, Дамаска нар нь Иерусалимын вант улстай холбоотой байв.) «Шар загалмайтны аян дайн» бол бодит байдал дээр үлгэрээс өөрцгүй. Гэхдээ энэ амтат сайхан үлгэр хятад, монголын түүхэн эх сурвалжуудыг гаргууд мэдэх агуу түүхчийн оюун санааг эзэмдэж, илэрхий баримтуудын өмнө нүдээ анихад хүргэжээ. Хулэгүгийн үндэслэсэн ургийн хаанчлалын үүсэлтэй холбоотой шинжлэх ухааны гэгдэх олон материал байдаг. Магадгүй, «дорнын христос шажинтнуудын сүүлчийн паладин»-ы тухай Льв Гумилевийн романтик домог дээрх материалуудаас илүүтэйгээр манай түүхийн шинжлэх ухааны хөгжилд нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн байх.
Комментариев нет:
Отправить комментарий