17 июл. 2010 г.

Mонгол хүн яаж сурдгийг харуулна гэж өөртөө андгайлсан

Их сургуулийн анги танхимууд чимээ шуугиангүй болж, улирлын болоод улсын шалгалт, диплом хамгаалалт зэрэг нойр хугасалсан ажлууд хэдийнэ ард хоцорчээ. Ялангуяа төгсөгчдийн хувьд амьдралын чухал мөчүүд болж өнгөрлөө. Энэ онд хэд хэдэн монголчууд УТНИС-д бакалавраа дүүргэж дипломаа гардан авлаа. Тэдний нэг нь болох Зоригоогийн Солонготуяатай та бүхнийг уулзуулж байна. Таван жилийн нөр их хөдөлмөрийнхөө хүчинд УТНИС-н физик математик, байгалийн шинжлэх ухааны факультетыг математикч, програмист мэргэжлээр улаан дипломтай төгсөв. түүний бичсэн дипломын ажил шилдгээр шалгарчээ. Тэрээр одоо магистарт элсэх шалгалтандаа тэнцчихээд тушаал гарахыг хүлээж байна. Факультетын түүхэн дэх хамгийн анхны улаан дипломт гадаад оюутнаар монгол хүн тодорсныг сонсоход үнэнхүү бахархмаар.


- Сайн уу. Солонгоо. Сургуулиа онц сайн дүнтэй төгсч, улаан диплом гардан авсанд чинь баяр хүргэе!
-Баярлалаа.

-УТНИС-д хэрхэн элссэн тухайгаа өгүүлээч
-Энд ирэхээсээ өмнө би МУИС-д сурдаг байсан юм. Сурч байсан мэргэжил ч бас өөр байсан. Сургалтын албанаас ОХУ-д төсвийн зардлаар сургадаг тухай олж мэдсэн. Тэгээд шалгалтыг нь өгөөд тэнцсэн. Бэлтгэл курсад олон сайхан багш надад хичээл заадаг байсан. Бичүүлэхээсээ илүүтэй яриулах нь олон. Хичээл болгон дээр өнгөрөгч өдөр юу болсон талаар заавал яриулна. Монголоос ирэхдээ би тийн ялгалаа бүрэн мэддэггүй оюутан байлаа. Харин эдгээр багшийн ачаар орос хэлд шамдан сурч, хагас жил болсны хойно чихний бөглөөс гарч, багш нараасаа олон юм асууж залхааж эхэлсэн. Эцэстээ багш нар маань “Oрос хэл амаргүй. Тэр болгоныг би чамд тайлбарлах боломжгүй. Тиймээс чи өөрөө л учрыг олох хэрэгтэй” гэж хариулдаг болсон.

-Үндсэн курсад орсны дараахан хүндрэлтэй цаг үеүүд байсан уу?
-Байлгүй яахав. 9 сарын 1 нд сургууль дээр очтол намайг баахан харуудтай хамт нэг ангид хувиарлачихсан байлаа. Орос хэл илүү сайн сурахын тулд орос оюутнуудтай хамт сурах нь надад чухал байсан юм. Орой нь байрандаа ирсний дараа би маргааш тийшээ явахгүй гэж уйлж хүртэл үзсэн. Оюутныхаа үнэмлэхний хугацааг сунгахаар декан дээр ороход, монголоос ирсэн гэдгийг маань сонсоод тийм ч тааламжтай хүлээж аваагүй. Монгол оюутнууд энд сурдаггүй, чиний амжилттай сурах эсэхийг харъя гэх маягийн юм ярихгүй юу. Тэр үед би “монгол хүн яаж сурдгийг харуулна гэж өөртөө андгайлсан”.

-Физик, математик, байгалийн шинжлэх ухааны факультетэд сурахын онцлог тал юу вэ?
-Энэ факультетад хичээлийн программ маш хатуу. Үзэж судалж буй бүх юм нэг нь нөгөөгөөсөө үндэслэсэн байдаг учраас хэрвээ чи өнөөдөр л хийхгүй бол маргаашийн юмыг ойлгож авахад хэцүү. Хэрвээ чи өөрөө л бодлогоо бодож чадахгүй бол өөр хүний туслалцаанд найдаад хэрэггүй. Энд тэндээс олж уншаад хичээлээ ойлгоно гэдэг эргэлзээтэй.

-Хүн болгонд аливаад суралцах өөрийн арга барил гэж байдаг. Хэн болгоны давж гараад байдаггүй математикч, програмистын мэргэжлээр амжилттай суралцсан өөрийн чинь арга туршлагаас сонсоход сонирхолтой байна.
-Миний хувьд хоёр гол зарчмыг мөрддөг. Эрхийг сурахаар бэрхийг сур гэдэг дээ. Чадахгүй байгаа зүйлийнхээ цаана нь гарч байж санаа амардаг. Ер нь би багын их хор шартай. Бэлтгэл курсад дэлхийн түүхийн хичээл ордгийг бид мэднэ. Мэдээж надад ойлгомжгүй үг олон байдаг байсан. Хичээл рүүгээ зузаан 50 мянгатын толь бичгээ авч очихоос ичдэг байлаа. Ойлгохгүй үгнүүдээ тэмдэглэж аваад орой гэртээ ирээд толиноосоо харна. Харин надтай хамт сурч байсан гадаад оюутнууд дэлхийн түүхийн хичээлд зориулсан олон хэлний авсаархан толь ашиглана. Тэгээд л түүхийн номноос үг түүн монгол оюутнуудад зориулсан жижиг толь гаргахаар шийдсэн.
Хоёрт гэвэл би аливааг цаг тухайд хийхийг үргэлж хичээдэг.

-Иргэн хүн эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах талаар байнга л маргалддацгаадаг. Харин чиний хувьд...?
-Хүн эхлээд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Миний хувьд өнгөрсөн 4 жилийн хугацаанд сурч мэдсэн зүйл өөрийгөө хөгжүүлчихлээ, амьдрал дээр гараад ажиллана гэхэд хэтэрхий багадана. Учир нь бакалаврын түвшинд тухайн чиглэлийн зөвхөн үндсийг өгдөг. Тиймээс би магистарт үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн. Энэ хоёр жилийг олж авсан мэдлэгээ амьдралд ашиглах нөхцлийг бүрдүүлэхэд зориулна. Дипломаа би монгол дахь үүрэн телефон холбооны стандарттай холбоотой асуудлаар бичсэн. Бид дандаа гадны хуучирсан технологийг ашигладаг. Монголын мэдээллийн технологийн салбарт хийх зүйл маш их байгаа. Энэ их үйл хэрэгт аль нэгэн хэсэгт нь эрэг шураг болж л эх орондоо хувь нэмэр оруулна даа.

-Орос орон чамайг хэрхэн өөрчлөв?
-Оросод болоод олон орны оюутан суралцдаг энэ өвөрмөц орчинд амьдарч эхэлснээр хүмүүс ямар олон янз, бас тэгээд өөрөө өөрсдийнхөөрөө баялаг ертөнц байдгийг ойлгосон. Урьд нь орчин тойрноо өөрийн нэг л өнцгөөс үнэлж, бусдад нэг л үзэл санааг тулгадаг байсан. Харин одоо хүмүүстэй харилцахдаа нэлээд хүлээцтэй ханддаг болсон.
Гадаадад сурч байгаа оюутан гэдгээрээ бие даасан амьдралд их суралцаж, тэвчээр хатуужилтай байхын ач холбогдлыг ухамсарласан.

-Сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээе
-УТНИС-д 4, 5 жилийн өмнө 40 үүлээ байсан монголчууд одоо 4, 5 дахин өсчээ. Би ажиглаж байна л даа. Залуучууд маань мэргэжлээ сонгохдоо маш сайн бодох хэрэгтэй байх. Бусдыг даган хуйларахгүйгээр, өөрийн чадвар, хүсэл зориг дээр үндэслэх нь чухал. Гадаадад сурч байгаа оюутнуудын хувьд бэрхшээл мундахгүй. Багахан бэрхшээлээс болоод зарим нь сургуулиа хаяад явдаг. Тиймээс тэвчээртэй, өөртөө итгэлтэй байж, үргэлж урагш тэмүүлэхийг оюутнууддаа уриалъя.
-Өөрийн цаашдын сурлага хөдөлмөрийн үйлсэд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Ингээд л шулуухан яриатай улаан дипломт энэ охиноос асуух асуулт маань гэнэтхэн дуусчихлаа. Нягт нямбай, хүнд хэцүүд бууж өгдөггүй зоримог, чанга хатууд нь сүрдсэн үү, үгүй юу, мэдэхгүй. Авсан шагнал урамшууллуудаа тоочихыг тэр хүссэнгүй. Гэхдээ түүний товчхон ярианаас тэр хэн бэ гэдэг нь ойлгомжтой.

Ярилцсан Г.Даваадорж.

5 комментариев:

MJ комментирует...

manai nz ch ugaasaa l iim huuhed amjilt husie chamaar baharhdag shuu manai angiinhan :-)

Орхоо комментирует...

Сайнуу сая л олж уншлаа. Найздаа баяр хүргье. Магистраа амжилттай төгсөөд ирээрэй.

opxoo комментирует...

Сайнуу сая л олж уншлаа. Найздаа баяр хүргье. Магистраа амжилттай төгсөөд ирээрэй.

Анонимный комментирует...

uragsh gishgeh huch ugch bgd bayrlala ta nartaa.and nzud mini bhgui bol bi chin hen sen bileedee

soogii комментирует...

uragsh gishgeh huch ugch bgd bayrlala ta nartaa.

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!