/Өгүүллэг/
Баяр, Саран хоёрын
гэр бүл Монгол Улсын нийслэл Улаанбаатар
хотноо, хоёр өрөө даруухан байранд амьдрах аж. Баяр, Саран нар 9 жилийн өмнө
гэрлэжээ. Одоо Очир хэмээх найман настай нэг хүүтэй.
Хуримын дараа
тэдэнд дипломноос өөр юу ч байхгүй байлаа. Хоёулаа ажиллаж, муугүй цалин авдаг.
Баярын ажил хялбар бус. Жилд хоёр, гурван удаа урт хугацааны томилолтод явдаг.
Томилолтоос буцах өдрийг хуруу даран тоолж, Саран, Очир хоёртоо бэлэг авах гэж
багагүй мөнгө үрнэ. Гэхдээ ээж, хүү хоёрын хувьд хамгийн үнэтэй бэлэг бол Очирын халуун дулаан тэврэлт юм. Хаалгаа нээгдэн Баяр эхнэр, хүү хоёроо босгон дээрээ удаан гэгч нь тэвэрч зогсоно. Саранг Очиртой суухад найзууд нь “чи ч сайн хүнтэй сууж байгаа азтай хүн юм” гэж атаархсан харц шидэлж байв. Үүнийг санахад Саранд нөхрөөрөө бахархах сэтгэл төрнө.
багагүй мөнгө үрнэ. Гэхдээ ээж, хүү хоёрын хувьд хамгийн үнэтэй бэлэг бол Очирын халуун дулаан тэврэлт юм. Хаалгаа нээгдэн Баяр эхнэр, хүү хоёроо босгон дээрээ удаан гэгч нь тэвэрч зогсоно. Саранг Очиртой суухад найзууд нь “чи ч сайн хүнтэй сууж байгаа азтай хүн юм” гэж атаархсан харц шидэлж байв. Үүнийг санахад Саранд нөхрөөрөө бахархах сэтгэл төрнө.
2006 оны есдүгээр
сар. Очир сургуульд орох боллоо. Хичээлийн анхны орой Очир гэртээ бөөн баяр
ирж, хичээл дээр юу заалгаснаа ээж, аавдаа сонин болгож ярив. Хүү нь сурагч
болж, амьдралд нь шинэ хуудас нээгдэж байгааг хараад Саран, Баяр хоёр баяртай
байв.
Баяр ээлжит
томилолтод явах боллоо. Саран түүний хувцас хунар, эд зүйлсийг нь зэхэж эхлэв.
Нөхрөө эзгүй байх хугацаанд хүүгийнхээ хичээл номонд анхаарал хандуулах нь
чухал байв. Саран унтаж буй Очирыг харахдаа сарын дараа гэхэд хүү нь онц
сурлагатан болж, хүүдээ шинэ дуу, шүлэг зааж, аавыгаа ирэхэд хүү юу сурснаа
харуулна гэж дотроо төсөөлөв. Аав нь яаж баярлах бол. Ийнхүү өег бодолдоо автах
зуур Саран Баярын юмыг бэлдэж дууслаа.
Маргааш нь Баяр
замдаа гарлаа. Саран хүүгээ сургуульд нь хүргэж өгчихөөд ажилдаа явав. Ширээний
ард суунгуут утас нь дуугарав.
-
Байна
уу? Таньд юугаар туслах уу гэж асуухад
-
Сайн
уу? Саран мөн үү гэсэн нэг л танил дуу сонсогдов.
- Намайг
таньж байна уу? Би байнаа.
Сарангийн зүрх
хүчтэй цохилж эхлэв. Энэ бол сүүлийн 12 жил уулзаагүй хүн байлаа.
- Би
Бат байнаа хэмээн тэр давтан хэлэв.
- Сайн
уу? Батаа гэхэд Сарангийн хоолой чичирч байв.
- “Солонго”
ресторанд хүрээд ир. Би чамайг тэнд хүлээж байя гэчихээд Бат утсаа тасалчихав. Батыг
нэг л өдөр, зүгээр л ингээд хүрээд ирнэ гэж Саран бодсонгүй. 12 жилийн өмнө
Батад ухаангүй дурлаж байлаа. Бат л байхгүй бол амьдрал утгагүй мэт санагдах
тийм үе байв. Жилийн дараа Америкаас эргэж ирээд гэр бүл зохиож, хамтдаа
жаргалтай амьдарна гэсэн Батын амлалтыг одоо болтол мартаагүй. Гэвч хагас жил
болоход Батаас захиа ирэхээ больсон юм. Саран аргаа барж, Батыг эргээд ирнэ гэж
хүлээсээр жил гаран боллоо. Энэ дурлал ийнхүү амьдрал болсонгүй. Баяртай
учирсан нь түүний амьдрах хүслийг ахин төрүүлэв.
Харин одоо тэр
эргээд ирлээ. Саранг урьд нь зовоож байсан тэр мэдрэмжүүд эзэмдэв. Хэн нэгэн
түүний дотроос “Түргэл! Түргэл! Тэр хэдийнэ ирчихсэн” хэмээн хашгирч байх шиг.
Холоос Саранг олж
харсан Бат өөдөөс нь тосон ирлээ. 12 жил болоход Бат өөрчлөгдөөгүй юм шиг
санагдав. Урьдынх шигээ л гялалзаж байв. Баян болсон нь илт байлаа. Энэ мөчийг
хүртэл Саран Батыг хэзээ ч уучилж чадахгүй гэж боддог байв. Гэтэл одоо түүнд
уурлах ч чадалгүй гэдгээ ойлголоо.
- Амьдрал
ямар байна даа? хэмээн Бат яриа эхлэв.
-
Дажгүй
ээ! Харин чинийх?
- Яахав
дээ л... Хоёр долоо хоногийн өмнө Америкаас нисч ирлээ. Одоо эх нутагтаа үхтлээ
амьдарнаа. Харь оронд зохиосон миний амьдрал тэр чигээрээ алдаа. Нэг жижигхэн
компаниас бусад нь. Гэрлэсэн ч, гэрлэлт ямар ч баяр баясгалан авчраагүй. Чамд
энэ бүхнийг ярьж байгаа маань хичнээн тэнэг болох, бас чиний гомдсон сэтгэлийг
би ойлгож байнаа. Гэхдээ би чамруу залгахгүй байж чадсангүй. Саран Батыг
уулзангуут нэг сайн алгадаж аваад, буцаад явчихна гэсэн бодож байсан ч тэгж
чадсангүй. Хэсэг дуугүй сууцгаав.
-
Чамайг
сайн хүнтэй суусан гэж дуулсан хэмээн Батыг дахин яриа эхлэхэд
- Тийм
ээ! Сайн хүн. Бидэнд хөөрхөн хүү бий гэж Саран тайван байгаа дүр эсгэхийг
хичээн хариуллаа. Гэвч түүний доторхи гомдлын хар үүл арилаагүй л байлаа. Бат ч
үүнийг сайн мэдэж байлаа.
- Чамайг
аз жаргалтай амьдраасай гэж би дандаа хүсдэг байсан гэх арга ядсан үг Батын
амнаас уналаа.
-
Чамаас
ганц л зүйл гуйх гэсэн юм. Хэдийгээр бүх юм өнгөрсөн ч гэсэн, чамаас уучлал
гуйх боломж олгооч гэж л... Мэдээж, чиний сэтгэл санаа үүнд бэлэн бол шүү дээ.
Надад өөр юу ч хэрэггүй. Харин чи надад сүйт бүсгүй олоход минь туслана биз дээ
гээд Бат инээвхийлэв.
Сарангийн дотор бага зэрэг уужирлаа. Юуг ч өөрчлөхгүй ч гэсэн, чин
сэтгэлээсээ уучлал гуйсанд нь баяртай байв.
Хар цагаан өнгөрсөнд үлдэж, тэд яг л хуучны танилууд шиг хуучилж эхлэв.
Бат өнгөрүүлсэн амьдралаа нэгд нэггүй хүүрнэв. Саран “чамайг уучиллаа” гэж
хэлээгүй ч, Бат уучилсан гэдгийг нь Сарангийн байдлаас ойлгож байв. Саран
хувийн амьдралаа түүнд дэлгээд байхыг хүссэнгүй. Хаана ажиллаж, амьдарч
байгаагаа ч хэлсэнгүй. Бат ч энэ тухай асуусангүй. Гурван хоногийн дараа Бат
Саранг үдийн хоол хамт идье гэж нөгөө ресторандаа урилаа. Рестораны эзэн нь Бат
байж таарлаа. Баттай хамт байх нь Саранд аятайхан байлаа. Яг л арван хоёр
жилийн өмнөх шиг элдвийн инээдтэй юм ярьж хөгжөөнө. Ийнхүү тэд хэдэн өдөр
дараалан хамтдаа хооллов. Батад сүйт бүсгүй олох ажил ч мартагдав. Яагаад ч юм,
Саран ажил дээрээ өндөлзөн, үдийн завсарлага хүлээн цагаа байн байн харах
болов. Олон хавар нэгэндээ гэгчээр, нэгэн удаагийн хооллолтын дараа Сарангийн
битүүхэн айгаад байсан тэр л явдал болов. Эсрэгээрээ Саран үүнийг хүсч байсан ч
байж магадгүй. Салахдаа Бат Саранг уруул дээр нь шовхийтэл үнсчихээд юу ч
хэлэхийн завдалгүй гүйгээд явчихав. Дараагийн өдөр Саран өөр газар ганцаараа
хооллов. Гэвч Батын үнсэлт өөрийн хэргийг бүтээжээ. Бат Сарангийн цахим хаягийг
захиагаар булж эхлэв. Саран эдгээр захиаг уншихгүй байж чадсан ч, устгаж бас
чадсангүй. Гурван өдөр өнгөрлөө. Саран цаашид тэвчиж чадалгүй ирсэн бүх захиаг
шунахайран уншив. Сарангийн арван хоёр жилийн өмнө тэгтлээ хүлээж байсан хайрын
тэр л захианууд байлаа. Хамгийн сүүлчийн захиандаа Бат Саранг төрсөн өдөртөө
урьжээ. Саран зөвшөөрөхгүй байж чадсангүй.
Баярыг томилолтонд явснаас хойш гурван долоо хоног өнгөрчээ. Долоо хоногийн
дараа тэр ирнэ. Саран Батад бэлэглэх цамц худалдаж авлаа. Маргааш нь
сэрэнгүүтээ Батын илгээсэн бүх захиаг дахин нэг уншив. Баяр ийм утга төгс захиа
бичих чадах нь юу л бол. Үдийн завсарлагаар Саран хүүгээ сургуулиас нь авч,
эмээ дээр нь хонуулахаар үлдээв. Орой ажил тарсны дараа, Саран Батад бэлэглэх
цамцыг авахаар гэртээ ирлээ. Гэвч цамц нь алга байв. Зочны өрөөнд цамцаа хайж
явахдаа компьютерээ унтраалгүй гарснаа анзаарав. Компьютерийн ширээнд дөхөж
очоод яарахдаа цахим шуудангаа хаалгүй орхисноо бас санав. Гэнэт гэр доторхи
юмс нэг л сэжигтэй санагдаад явчихав. Цамц ч тэр, Батаас ирсэн захиа ч тэр ор
сураггүй алга болсон байв. Бичгийн ширээн дээр дутуу татсан янжуур, сонин
хэвтэж харагдав. Сонины дээд буланд өнөөдрийн он, сар, өдрийг бичсэн байхыг
Саран олж харлаа. Сарангийн хувьд тэнгэр хөмрөх шиг л болов. Насандаа үзэж
байгаагүй айдас хүйдэст автсанаа ойлголоо. Хэзээ ч төрж байгаагүй шаналант
мэдрэмж түүнийг эзэмдэв. Энэ мэдрэмж Батыг цөхөртлөө хүлээсэн тэр хэцүү цагийн мэдрэмж, Баярыг удаан
хугацаагаар томилолтод явсны дараа санаа зовоход төрдөг мэдрэмжийн алинтай ч
адилгүй байв. Энэ бол эрүүл ухаантай хүнийг бүхнээс илүү тарчлаадаг “ичгүүр”
гэдэг зүйл байлаа. Саран нөхөр, хүү хоёрынхоо нүдэн дээр аймшигтай юм хийснээ
ухаарлаа. Цурхиран уйлж, үсээ үгтээмээр санагдлаа. Гэтэл “би нөхөр, хүү
хоёроосоо урвая гэж бодоогүй ш дээ. Би
тэдэндээ хичнээн хайртай билээ! ” гэх өөрийгөө зөвтгөсөн бодол цухалзав. Гэвч
өөрөөс нь болж гэр бүлийнх нь амьдрал удахгүй нурна гэж бодохоор үхмээр
санагдана. Өөрийгөө мянгантаа хараасан ч багадахаар байв. Бат түүн рүү залгаж
байгааг анзаарав. Гэвч утсаа авах хүч ч Саранд алга байв. Тэр яахаа мэдэхгүй
байлаа. Нэг бол хөшөө шиг зогсоно, нэг бол уйлж сууна, нэг бол өрөөн дотуур хий
дэмий алхална. Хэсэг хугацааны дараа хүү рүүгээ залгалаа. Хүү нь утсаа авангуут
хашгиран шахам
-
Ээжээ
би таньд гоё мэдээ дуулгая. Аав том дарга болж хугацаанаасаа өмнө томилолтоос
ирсэн.Аав ахиж томилолтод явж бид хоёрыг орхихгүй. Дандаа бидэнтэй хамт байх
болно гэсэн үгсийг нэгэн амьсгаагаар хэллээ. Сарангийн хоолой зангирч, нүдийг
нь харууслын гашуун нулимс бүрхлээ.
- Хайрт
минь! Би өглөөний цайгаа уучихсан. Өнөөдөр би ажлаасаа эртхэн ирнээ. Миний
дуртай гуляшийг хийчихээрэй! Идэлгүй ямар удав аа гээд Баяр инээмсэглэн эхнэрээ
духан дээр нь үнсээд хаалга руу зүглэв. Хаалга хаагдсаны дараа Саран сандал
дээрээ лагхийн суулаа. Хоёр хацрыг нь даган том том нулимсан дусал бөмбөрлөө.
Хэдэн минутын дараа гүнзгий гэгч нь амьсгаа аваад, гар утсаа асаав. Батаас
зурвас ирсэн байлаа. Тэр Саранг яагаад утсаа аваагүй, яагаад ирээгүй, төрсөн
өдрийн бэлгээ яагаад танихгүй эрэгтэйгээр өгч явуулсан тухай асуужээ. Саран
ирсэн зурвас болгоныг уншихыг хүссэнгүй, гар утсаа таван давхрын цонхоор чулуудчихав.
Хэсэг хугацааны дараа нүүрээ угааж, цэвэрхэн гэгч нь хувцаслаад Очир хүүгээ
сургуулиас нь авч, бас шинэ гар утас худалдаж авахаар гадагш гарлаа.
Г.Даваадорж. Москва 2010 он
Комментариев нет:
Отправить комментарий