Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн сэтгүүл зүйн 2-р ангийн оюутан Б.Гандулам Италийн Милан хотноо зохион байгуулагдах “Монголын Залуу Удирдагч” чуулга уулзалтанд оролцохоор шалгарсан байна.
“Монголын Залуу Удирдагч” чуулга уулзалтын хилийн чанад дахь анхны хөтөлбөрийг Монгол-Америкийн “МонАме” шинжлэх ухаан судалгааны төвөөс АНУ-ын Вашингтон хотноо 2009 оны 3 дугаар сард АНУ дахь Монгол улсын элчин сайдын яам, Хойд Америк- Монголын бизнес зөвлөл болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Тус чуулга уулзалтын зорилго нь Монголын шинэ үеийн авъяаслаг залуусын төлөөллийг Монгол улсын тогтвортой хөгжил цэцэглэлтийн талаар, Монгол улсынхаа ардчилал, эдийн засаг, хүний нөөцийн хөгжлийн одоо ирээдүйн талаар санал бодлоо солилцох боломж олгох, тэднийг Монголын улс төр, нийгэм, бизнесийн ирээдүйн удирдагч болгоход урам зориг өгөхөд оршино. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтад АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад суралцаж буй 9 оюутан сонгогдон оролцжээ.
Өнгөрсөн жилийн амжилт дээрээ тулгуурлан 2010 онд “Монголын Залуу Удирдагч” Хөтөлбөр цар хүрээгээ тэлэн Европын орнуудад суралцаж буй шилдэг Монгол оюутан залуусыг хамарсан уулзалтыг Европ тивд зохион байгуулахаар шийджээ. Энэхүү уулзалтыг МонАме шинжлэх ухааны төв, Итали улсын Милан хотноо томилогдсон Монгол улсын өргөмжит консул нар хамтран Австри улсаас Итали улсыг хавсран суугаа Монгол улсын элчин сайдын яам болон Зориг сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Чуулга уулзалтыг Милан хотноо 5-р сарын 6-7 ны өдрүүдэд зохиохоор товлоод байна. Чуулганд оролцогчид Итали улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн удирдагчидтай уулзан, тус улсын санхүү, аж үйлдвэр, загварын төв болсон Милан хоттой танилцах юм байна.
Энэхүү хөтөлбөрийг Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэмжиж байгаагаа мэдэгдээд байна.
Г. Даваадорж /сэтгүүл зүй 2-р курс/
Комментариев нет:
Отправить комментарий