20 апр. 2010 г.

Оюутнуудаа хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрсөн

РУДН-ы Монгол оюутнуудыг цахим ертөнцөд нэгтгэх болсон “rudnmongol.blogspot.com”-нхоо хойморт энэ удаа нэгэн хүндтэй зочныг урьж ярилцлаа. Бидний нэгэн адил ОХУ-д \тухайн үед СССР\, тэр дундаа ОХУ-н нэгдүгээр зэрэглэлийн сургууль гэгддэг МГУ-д \Москвагийн Их Сургууль\ дээд боловсрол эзэмшиж Монголын сэхээтнүүдийн нэг болсон түүнийг манай оюутнууд ‘Чимгээ эгч’ гэх нэрээр их сайн мэднэ. Мэдлэг боловсролоо нэрийн хуудас болгож чадсан түүнийг Нямаагийн Чимэг гэдэг бөгөөд одоо оюутан бидний асуудлыг хариуцан ОХУ-д суух ЭСЯ-ны БСШУ-ны асуудал хариуцсан II-р нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа билээ.


Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Бидний урилгыг хүлээн авсанд тань баярлалаа.
Сайн. Сайн байна уу! Манай оюутнуудын идэвхи санаачлагаар блог нээгдэн, түүгээрээ биднийг оюутантай холбох бас нэгэн гүүр болж байгаад хувьдаа талархаж байна.

Таны оюутан цагийн дурсамжаас яриагаа эхлүүлъе гэж бодлоо. Учир нь таныг Москвагийн Их Сургууль (МГУ)-д сурч төгссөн гэж сонссон...
Биднийг арван жил төгсөхөд сурагчдыг дүнгээр нь жагсаан их сургуулиудын хуваарь өгдөг байлаа. Миний хувьд дүнгээрээ жагсаалтын хоёрт бичигдэж байсан учраас Москвагийн Их Сургуулийн хуваарийг авч, 1974 онд Москвагийн Их Сургуулийн философийн факультетийн 1-р курст элсэн орж байсан юм. Тэр үеийн нийгэм чанга хатуу, хүмүүс нь хууль дүрмээ ягштал баримталдаг, их сахилга баттай байсан. Мөн эд юмсын үнэ хямд, Москва хот их л тайван байсан даа. Сургуулийн маань хувьд МГУ тэр үед ч, одоо ч ОХУ-даа нэгдүгээр зэргийн сургууль. Тэр ч бүү хэл дэлхийн шилдэг сургуулиудын нэг гэдгийг оюутан та бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс энэ сургуульд сурч төгссөнөөрөө бахархдаг юм.

Тухайн үеийн оюутан залуус болоод одоо ОХУ-д боловсрол эзэмшиж буй оюутан залуусын хооронд ямар ялгаа байна гэж та бодож байна вэ?
Бидний сурч байх үеийн нийгмийг одоо үетэй харьцуулахад маш их ялгаатай. Жишээлбэл тэр үед бид 60 рублийн стипенд (тэтгэлэг) авдаг байлаа. Энэ мөнгөөрөө сар хангалттай амьдардаг байсан гээд бодохоор одоогийнхоос хамаагүй сайхан цаг. Намайг сурч байхад ОХУ-д нийт 3000 гаруй, МГУ-д 70 гаруй оюутан суралцдаг байсан. Гэхдээ тухайн үеийн оюутнууд бүгд Монгол улсын засгийн газрийн зардлаар сурч байсныг бодохоор тэр үед Монголын Засгийн Газар боловсролын салбарт хичнээн их хөрөнгө зарцуулдаг байсан нь харагддаг. Одоо бол цөөн тооны оюутнууд улсын зардлаар сурч байна. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгтэйгээр ОХУ-д нийт 1700 орчим, Москвад жил бүр 250 орчим оюутан ирж суралцдаг. Түүнчлэн хувийн зардлаар суралцаж байгаа болон аль нэг албан байгууллагатай гэрээ хийн сурч байгаа оюутнууд ч байна.

Таныг оюутан байхад тэр үеийн ЭСЯ болон тань шиг боловсрол хариуцсан мэргэжилтэн оюутнууддаа хандсан ямар үйл ажиллагаа явуулдаг байсан бэ?
Тэр үед ОХУ-д оюутнууд их сурдаг байсан учраас ЭСЯ-нд оюутан хариуцсан гурван мэргэжилтэн ажилладаг байсан. Тэд гадаад, дотоодоос ирсэн хүмүүстэй уулзалт хийж бидэнд мэдээлэл өгдөг. Бид харин сард нэг удаа элчин сайдын яаман дээр ирж хуралд оролцож өөрийн санал бодлоо хуваалцддаг байсан.

Та одоо тэдгээр гурван хүний албан тушаалыг хашиж байгаагийн хувьд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?
Энэ ажлыг хариуцан ажиллаж байгаагийн хувьд оюутнуудаа аль болох бүх талаас нь хөгжүүлэхийг, хөгжихөд нь дэмжиж ажиллахыг зорьж байна.

Таны хэлсэнчлэн оюутнууд сурахаас гадна бүх талаараа хөгжих нь зүйтэй. Ер нь оюутан залуусын нийгмийн идэвхи оролцоо хэр байна вэ?
ОХУ-д суралцаж байгаа манай оюутнууд болон оюутны холбооны хүүхдүүд их идэвхтэй. Аливаа нэгэн зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцдогоос гадна ихэнх нь өмнөө тавьсан зорилготой, зорилгынхоо дагуу тууштай тэмцэх чадвартай хүүхдүүд харагддаг. Энэ сарын арванд болж өнгөрсөн оюун ухаан сорьсон танин мэдэхүйн “Элсэн цаг” тэмцээн болон өнгөрсөн оны 11 сард зохиогдсон “КВН” буюу “Дэвжээ” тэмцээнд оюутнууд их идэвхитэй сайн оролцсон. Оюутнуудаа хараад бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа. Мөн удахгүй 5 сард сагсан бөмбөгийн тэмцээн болох гэж байна. Оюутан залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж байгаа иймэрхүү арга хэмжээнүүдийг хувиасаа их дэмждэг, цаашид ч дэмжиж ажиллах болно.

Ажлаа хүлээн авснаасаа хойш ажилтайгаа холбоотой олон зүйлийг анзаарч, ажиглаж байгаа байх. Таны ажигласнаар ямар чиглэлээр оюутан сургавал манай улсад илүү хэрэгтэй гэж бодож байна вэ?
Одоогийн байдлаар дийлэнхи оюутнууд нийгмийн ухаан, сэтгүүл зүй, хууль, эдийн засгийн мэргэжлээр сурч байна. БСШУ-ны яамны зүгээс ОХУ-ын боловсролын яамтай хамтран эдгээр чиглэлээс гадна аль болох улс орны маань цаашдын хөгжилд түлхэц болохуйц уул уурхай, ашигт малтмал, үйлдвэрийн инженер, компьютер техник, зам, харилцаа холбооны чиглэлээр илүүтэй сургая хэмээн зорилт тавин ажиллаж байна. Бидний үед инженер техникийн мэргэжлээр их сурч байсан бол одоо энэ чиглэлээр сурах оюутны тоо буурсан.

ОХУ-д суралцана гэдэг хэн хүнд олдохгүй боломж. Гэтэл зарим нэг оюутнууд сургуулиа төгсч чадалгүй буцах тохиолдол бий. Энэ юутай холбоотой талаар судалж үзэж байв уу?
Зарим нэг оюутнууд сэтгэлзүйн хувьд сул дорой, шантрамтгай, биеэ дааж амьдрах чадвар муу байдгаас харамсалтай нь сургуулиа төгсөж чадахгүй буцах тохиолдол гарч байна. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, идэх хоолоор дутаадаггүй ч хүүхдийн хүмүүжил, төлөвшилд анхаарал бага хандуулснаас болж өөрийгөө захирч чадалгүй, нөхдөө уруу татан, буруу үлгэр дууриалал болж байгаа оюутнууд ч ажиглагддаг. Тиймээс өөрийн хүмүүжил, биеэ авч явах байдлаасаа болоод сургуулиас чөлөөлөгдөх тохиолдол ч гарсан. Нэгэнт захирлын тушаал гарсан тохиолдолд зохицуулах боломжгүй асуудал. Төгсөж чадахгүй нутаг буцаж байгаа оюутнуудын талаар сургуулийн захиргаатай уулзаж ярилцахад оюутнуудын өөрсдийнх нь буруутай үйлдлээс ийм асуудал үүссэн байдаг нь харамсалтай.

ОХУ-д сурахад оюутнууд юу анхаарах хэрэгтэй талаар оюутнуудад зөвлөхгүй юу?
Сурлагандаа их сайн анхаарах хэрэгтэй. Цагтай уралдаж, илүү зүйл сурч мэдэхийн төлөө үргэлж урагш тэмүүлж байх хэрэгтэй. Мэдээж мэдлэг боловсролтой хүн хаана ч гологдохгүй. Ялангуяа харь нутагт боловсрол эзэмшиж байгаа оюутнууд маань бүх зүйлээрээ бусад оюутнуудаас хоёр дахин илүү байх ёстой гэсэн зорилгыг өмнөө тавьж суралцаасай гэж хүсч байна. Эцэст нь оюутнууддаа хандаж хэлэхэд нэг нэгэндээ тусалж дэмжин, сайн яваа нэгэндээ урам хайрлаж, саар яваа нэгнээ аль болох өөд нь татаж зөвхөн хувиа бодохгүйгээр бусдад тус дэм хүргэж яваарай гэж захимаар байна. Хүнд тус хүргэнэ гэдэг өөртөө л тусалж байгаа хэрэг шүү. Ингээд бүх ОХУ-д суралцаж байгаа оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Бидний саналыг хүлээн авч уулзаж ярилцсанд тань, оюутан залуус бидэнд бүх талаар тусалж дэмжиж байдагт тань маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе!

Ярилцсан: РУДН-ы сэтгүүлчийн 3-р ангийн оюутан Б.Баяржавхлан

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!