Хамгийн эхэнд зуун буудалт даамны тэмцээн болж, оюутнууд цэвэр оюун ухаанаараа өрсөлдөв. Тэмцээн нэг өдрийн турш үргэлжилж 20 оролцогчоос 4-р курсын оюутан Б.Амартүвшин 1-р байр эзэлж, 1-р курсын С.Банзрагч аман хүзүүдэн, 4-р курсын оюутан Б.Бадрах удаалав. Дашрамд дурьдахад даамны тэмцээн нь дэлхийн өсвөр үеийн даамны аварга Г.Гэрэлболдын нэрэмжит болон явагдсан юм.
21-нд, оюутан залуусын хувьд байнга сонирхолтой, өрсөлдөөнтэй байдаг сагсан бөмбөгийн тэмцээн РУДН-ы биеийн тамирын цогцолборт эхлэв. Монгол оюутнууд курс курсээрээ хуваагдан баг бүрдүүлж оролцлоо. Тоглолт тэр өдөртөө завсарлаж, 28-ны орой медалийн төлөөх шигшээ тоглолтууд явагдав. Ширүүн өрсөлдөөн дундаас бэлтгэл курсын 1-р баг алтан медалд хүрч, 1-р курсын 1-р баг мөнгөн медаль, 3-р курсын баг хүрэл медалийг тус тус хүртэв. Тэмцээний эцсийн үр дүнг харахад РУДН-ы монголчуудын сагсан бөмбөгийн багийн чансаа улам сайжирч, чадварлаг тоглогчид олон болсон байна.
11 сарын 24 –ний өдөр бол РУДН-ы монголчуудын хувьд олон сарын хөдөлмөрийн үр шимээ үзсэн, үйл ажиллагааны гол утга учир болсон, тэр хэмжээгээрээ маш их хариуцлагатай, ядарсан ч гэсэн баяр хөөрөөр дүүрэн өдөр байлаа. Өдрийн 12 цагт, өмнөх орой нь авчирч барьсан гэртээ монгол үндэсний ахуй соёлыг харуулсан үзэсгэлэнг нээв. Үзэсгэлэнгийн нээлтийн туузыг РУДН-ы оюутнуудын асуудал хариуцсан гүйцэтгэх захирлуудын ахлагч А.В.Ермаков хайчилж үг хэлэв. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Азийн оюутнуудын асуудал хариуцсан хэсгийн ахлагч А. А. Даулетович, РУДН-ы Монгол Оюутны Холбооныхон байлцлаа. Сургууль даяар уртын дуу хангинаж, үзэсгэлэнг сонирхогчдын хөл үдэш болтол тасарсангүй. Үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийн нэрийг монгол бичгийн уран бичлэгийн хэлбэрээр бичиж өгч байсан нь бас нэгэн сюрприз болов. Мөн РУДН дэх Монголын Оюутны Холбооны ШУ, танин мэдэхүйн клубээс "Эхлэл" (Начало) оюутны сонины анхны дугаарыг хэвлэн гаргалаа.
24-ний өдрийн 17:00 цагаас Монгол Улс Тусгаар Тогтнолоо Зарлан Тунхагласны 86 жил, РУДН-ы 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертын үйл ажиллагаа эхэллээ. Концерт эхлэхийн өмнө ОХУ болон Африк тивийн төлөөллүүд өөрсдийн урлагийн номерыг үзэгчдэд сонирхууллаа. Тоглолтыг нээж РУДН-ы оюутнуудын асуудал хариуцсан гүйцэтгэх захирлуудын ахлагч А.В. Ермаков, ОХУ-дахь Монголын ЭСЯ-ны БСШУ-ны асуудал хариуцсан II-р нарийн бичгийн дарга Н.Чимэг, мөн РУДН-ы оюутны асуудал хариуцсан гүйцэтгэх захирал А.Д.Гладуш, РУДН дэх Монгол Оюутнуудын Холбооны дарга Д.Батнайрамдал нар үг хэллээ. Монголын ЭСЯ-ны зүгээс РУДН-ы удирдлагад монголын хээр тал, ахуй байдлыг дүрсэлсэн уран зургийг дурсгал болгов. Мөн Оюутны Холбоо сургуулийнхаа удирдлагын төлөөллүүдэд өөрийн шагнал, дурсгалын зүйлийг гардуулав. РУДН дэх Олон Улсын Оюутны Урлагийн Клубын “Радуга” студийн удирдагч багш И.К.Смирновад шагнал гардуулав. Ирина Кирилловна нь монгол оюутнуудыг дэмжиж ажилладаг бөгөөд концертын бэлтгэл ажилд их тус хүргэсэн хүн юм. Ингээд үзэгчдийн удаан хүлээсэн мөч эхэллээ. Тоглолтын бүх оролцогч ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дуугаар концертыг нээснийг үзэгчид халуун алга ташилтаар угтлаа. Үлэмжийн чанар эгшиглэхэд тайзны тэртээ булангаас наран мандаж, аажмаар тойрон тайзны голд ирээд дууны хэмнэл өөрчлөгдөхөд дуучид хуурын татлага дор дууг үргэлжлүүлж, бүжигчид биелж эхэлсэн нь тоглолтыг эхлүүлэх өвөрмөц шийдэл байсан юм. Ингээд л номерууд ар араасаа хөвөрч эхлэв. Концертэд маш олон төрлийн номерууд бэлтгэгдсэн. Ардын хоршоо дуу, ардын хийгээд орчин үеийн бүжиг, үндэсний хөгжмийн цөөхүүлийн үзүүлбэрүүд, сонгодог урлагийн номерууд, монголын ба гадаадын орчин үеийн дуу зэрэг тайзны урлагийн олон төрлөөр үзэгчдийг баярлуулав. Төгөлдөр хуурын гоцлол, морин хуурын гурвал, ятгын хамтаар “Үүлэн бор”, “Сэтгэл шингэсэн говь” аялгууг эгшиглүүлэхэд, зааланд суусан хэн бүхний сэтгэл хөдөлж, нүдэнд нь нулимс хурав. Хоёр цагийн турш сэтгэл догдлолоор дүүрэн амьдрал тайзны ард буцалж байлаа. Энэхүү тоглолтонд Буриад, Халимагийн ардын бүжгийн хамтлаг оролцсон юм. Монгол, казак, буриад, халимаг бүжгийн нэгтгэсэн зохиомж нь энэ концертын бас нэг өвөрмөц онцлог болов. Тоглолт дундаа ороход үзэгчдийн танхим бараг дүүрэв. Тоглолтонд Москвагийн зарим их дээд сургуулийн монгол оюутнууд оролцож, МУСТА, залуу дуучин, Ө.Цэрэнчунт "O sole mio", "Ах ты душечка" зэрэг дуугаараа ая дуу өргөсөн юм. Тоглолт дуусахад оролцогч бүрийн царайд “Бид чадлаа” гэсэн баяр хөөр тодорч байв. Н.Чимэг даргын “Төрийн тоглолт шиг боллоо” гэсэн үгийг сонсоход таатай байсныг хэлэх үү. Тоглолтын дараа үзсэн, оролцсон хүн болгонд эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ агуу түүх, соёлоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.Концертын хаалтын хэсэг |
Та бүхэндээ баярлалаа |
Сүүлчийн арга хэмжээ болох Москвад суралцагч монгол оюутнуудын дундах танин мэдэхүйн, уралдаант “Дэвжээ” тэмцээн 28-ны өдөр РУДН-ы Олон Улсын Оюутны Урлагийн Төвийн зааланд боллоо. Тэмцээн “Эх орны хишиг” гэсэн сэдвийн хүрээнд зохиогдож, багууд энэ дагуу гэрийн даалгавраа бэлдэж ирсэн юм. Багуудын мэндчилгээ, гэрийн даалгавар, урлагийн номеруудын олонхи нь эх орны хишиг, тусгаар тогтнолыг холбосон сэдвээр бэлтгэгдсэн нь харагдаж байв. Оюутнууд эх орны хишиг гэдэг бол мөнгө төгрөг огт биш, харин өвөг дээдсийн минь тэмцэж олсон тусгаар тогтнол, үлдээсэн газар шороо бол эх орны хишиг юм гэсэн санааг онцолж байсан юм. Нийт 7 баг хүчээ сорьсноос МВД-гийн "Цагаан шонхор" баг 3-р байр, Цэргийн их сургууль, Санхүүгийн Академын хамтарсан "Тусгай салаа" баг 2-р байр эзэлж, Москвагийн Эдийн Засаг, Статистик, Мэдээлэл Зүйн Улсын Их Сургуулийн (МЭСИ) хамт олноос бүрдсэн "Эсрэг тайлбар" баг 49 оноогоор энэ жилийн аварга болов.
Бидний л хувьд том эдгээр арга хэмжээг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн гавьяаг дурьдахгүй өнгөрч болохгүй. Э.Дөлгөөн нь концертын санаачлагч юм. Тэрээр бэлтгэл ажлын голыг нугалж, хэд хэдэн бүжгийг дэглэсэн юм. Ц.Нямдорж бидний хувьд гол ноён нуруу, үгийг нь сонсдог хүн. Тэрээр зохион байгуулах ярвигтай, төвөгтэй, хариуцлагатай олон ажлын ард гарч чадсан. Түүний бий болгосон олон санаа сэдэл арга хэмжээнйи явцад биеллээ олсон.
Ийнхүү “РУДН дэх Монголын 7 хоног” цогц арга хэмжээ төгсөв. Биднийг дэмжиж ажилласан ОХУ дахь Монголын ЭСЯ-ны хамт олон, сургуулийн удирдлага, найз нөхөд, арга хэмжээнүүдэд өөрийн үнэтэй цаг, хүчээ зориулсан нийт оролцогчдодоо РУДН дэх Монгол Оюутнуудын Холбооны нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Эхийг бэлтгэсэн Г. Даваадорж
Гэрэл зургийг Б.Гандулам
2 комментария:
Болсон үйл явдал, ажил үйлсээ мэдээлэл болгон бэлтгэж хүмүүст хүргэж байгааг юуны өмнө сайшаалтай хэрэг болохыг хэлье. гэхдээ бас чанар, хүний анхаарал татах чадвар, бичлэгийн ур чадвар дээрээ анхаармаар юм. Эрх биш сэтгүүлчээр бэлтгэгдэж байгаа хүн байж.
олон юм нуршилгүй алдаагаар жишээ авья.
1. нийтлэлд чинь 4 удаа "бэлэг барьж" харагдав.
2. Сүрхий эхэлж, сүртэй төгсгөсөн атлаа зутарсан зургуудаар чимсэн нь явуулсан үйл ажиллагаагаа дэгэн догон болгож харагдуулаад байна.
3. утгын болон дүрмийн алдаагаа анхаар.
Ж:Санхүүгийн академын хамтарсан
бид концертын тавилтын асуудыг амжилттай шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй байсан юм.
Бүх арга хэмжээний хаалт болгож Косыгина гудамжинд байрлах “Токио” клубт үдэшлэг зохион байгуулж нэгэн үдшийг өнгөрүүлэв. /хэн чи өнгөрүүлэв/
Тэрээр нэгэнт олдсон тусгаар тогтнолыг хэрхэн хаддэалах,
Ярианы төгсгөл хэсгээр оюутнууд тавин нэг ёсны хэлэлцүүлэг явагдав. /51 ёсны хэлэлцүүлэг гэж юу байдаг юм/
За товчдоо ийм байна. Олон хүн үзэж харах юман дээр анхааралтай хандах хэрэгтэй шүү дээ.
Хүндэтгэсэн Мийгаа
Баярлалаа. Мийгаа ахаа. Таны шүүмжлэл,заавар, зөвлөмж бидэнд үргэлж хэрэгтэй.
Бичиж байгаа зүйлдээ хайнга хандаж, алдаа гаргасандаа уншигчдаасаа хүлцэл өчье.
Отправить комментарий