Амьдралд юу болохыг тааж хэлэх аргагүй. Хүний хувь тавилан яаж ч эргэж болох аж. 1990-иэд оны өөрчлөлт, шинэчлэлтийн ид үед, амьдралын эрхээр алс холын орныг зорьсон нэгэн хүний амьдралын түүхийг энэ ярилцлагад өгүүлнэ. Гэхдээ тэр хүнтэй өөртэй нь уулзах боломж байгаагүй бөгөөд харин түүний охинтой нь ярилцсан юм. Ингээд монгол гаралтай Колумби оюутантай хийсэн ярилцлагаа толилуулъя.
Сайн байна уу. Өөрийгөө товчхон танилцуулна уу
Намайг Дашдэжидийн Джейди гэдэг. Би Колумбиас ирсэн РУДН-ы оюутан. Олон нийттэй харилцах чиглэлээр \Связь с общественностью\ 2-р курст сурдаг. Эцэг эх маань Колумбид амьдардаг. Манай аавыг Баатар гэдэг. Хоёр эрэгтэй дүүг маань Амгалан болон Далай гэдэг. Би 1988 онд Украйнд төрсөн. Хөгжим тоглож, зурах дуртай бөгөөд дизайны чиглэлийг их сонирхдог. Аялалаар явж, ертөнцтэй танилцах нь миний гол оюуны хэрэгцээ байсаар ирсэн. Тиймээс боломж гарангуут би Орос руу суралцахаар ирсэн юм. Надад орос хэл заах цаг зав эцэг эхэд маань тэр болгон байгаагүй учраас би оросоор бага зэрэг уншдаг л байсан.
Монгол орон чиний хувьд?
Би ер нь өөрийнхөө гарал үүсэл, хэн болох талаар ихийг мэдэхийг үргэлж хүсдэг байлаа. Хүүхэд байхад аав маань олон сонирхолтой зүйл ярьж өгдөг байсан. Тэрээр “Монголчууд бол тэнгэрийн хүмүүс, тэд тэнгэрт их ойрхон амьдардаг, монгол хэзээ нэгэн цагт ахин хүчирхэг болно” гэдэг байсан нь санаанаас гардаггүй. Говьд амьдардаг аварга үлэг гүрвэлүүдийн тухай яриа надад яг л үлгэр шиг санагддаг байсан. Говийг өөрийн нүдээр харахыг үргэлж хүсдэг байв. Аав монголын эзэнт гүрэн болон Чингис хааны тухай олныг ярьж өгсөн. Чингис хааны хөрөг бүхий хивс манай гэрт бий. Гарт өртсөн монголтой холбоотой бүхнийг би сонирхон уншдаг байв. Монголын гэрэл зураг ч олноороо хуримтлагдсан. Аав бууз их сайхан хийдэг. Жаахан байхад аав маань миний хажууд суучихаад “Бүүвэй Бүүвэй” гэж дуулдаг байсныг нь санаж байна. Заримдаа монгол эмээтэйгээ утсаар ярих гэж үзнэ. Аав хажуунаас ямар нэгэн монгол үг зааж өгөн, би түүнийг нь хэлдэг байлаа. Аавтай нийлээд Колумбид ердөө 3 монгол хүн амьдардаг. Тэд хол амьдардаг учир надад ааваас өөр монгол хүнтэй харилцах боломж байдаггүй байлаа. Харин РУДН-д сурах болсноор ийм боломж нээгдсэн. Одоо би монгол охинтой нэг өрөөнд амьдардаг.
Чи монголд очиж байсан уу?
Очсоон. Өнгөрсөн зун анх удаа Монгол явж, хэзээ ч мартагдахааргүй долоо хоногийг хамаатнуудтайгаа өнгөрүүлсэн. Монголын байгаль маш үзэсгэлэнтэй. Монголчууд маань цайлган, найрсаг хүмүүс. Би Улаанбаатараар зугаалж, нөгөө аавын ярьдаг динозавруудын үлдэгдэл байдаг байгалийн түүхийн музейг үзсэн, хотын төв талбай дээр Чингис хааны хөшөөний дэргэд зургаа авахуулсан, Буддагийн аварга том хөшөөг нүдээрээ харсан гээд олныг ярьж болно. Энэ бүгд миний сэтгэл зүрхэнд их ойрхон байж, би монголд өөрийгөө хөндлөнгийн хүн биш гэдгээ мэдэрсэн. Говийг үзэж чадаагүй маань л жаахан тиймхэн.
Чиний бахархал?
Миний аав бол миний бахархал. Тэр инженер, өөрийн жижиг колумби фирмтэй. Зөвлөлт засгийн үед Украйнд сурч байхдаа ээжтэй танилцсан юм билээ. Ухаалаг, боловсролтой, зоригтой шийдэмгий хүн бөгөөд сургуулиа улаан дипломтой дүүргэсэн. Миний аав бол “миний мэдэх Монгол” байсан. Тэр зорьсондоо үргэлж хүрдэг. Ингэхэд үүнтэй холбоотойгоор гэр бүлийнхээ түүхээс жаахан ярьж болох уу?
Бололгүй яахав.
Миний эцэг эхийн хувьд гэрлэх тухай шийд гаргахад хэцүү байсан. Капиталист болон социалист хоёр орны хүмүүсийг гэрлэхийг шууд зөвшөөрдөггүй байж л дээ. Намайг төрсний дараа тэд эцсийн шийдвэрт хүрч, сургуулиа төгсчихөөд монгол руу амьдрахаар явсан. Хайр сэтгэл бүгдийг ялдгийн жишээ энэ болов уу гэж би боддог. Монгод очсоны дараа манай дундах эрэгтэй дүү төрсөн. Гэхдээ тэд монголд хоёр жил хэртэй л амьдарсан гэсэн. Монголын хүйтэнд ээж хүндээр өвчилж бид гэр бүлээрээ Колумби нисэхээс аргагүй боллоо. Аавын хувьд энэ нь гэр бүлийнхээ төлөө ойр дотныхон, эх орноо орхин явсан алхам байсан. Колумбид ирсний дараа аав олон хүндрэлтэй тулгарсан нь мэдээж. 1-рт: тэр испани хэл мэдэхгүй, 2-рт: танихгүй хүмүүсийн хүрээлэлд, ижил дасал болоогүй орчинд идээших хэцүү гэдэг нь ойлгомжтой. Гэсэн ч хагас жил болоход испаниар бага сага ярьдаг болсон. Одоо бол яг л испани хүн шиг ярьдаг. Аав эх нутаг, хамаатан саднаа санаж байгааг ээж сайн мэддэг байсан ч аав энэ тухай бараг ярьдаггүй байв. Эхэндээ гэр бүлээ авч явахын тулд маш завгүй ажилладаг байлаа. Заримдаа нутгаа санахдаа гитар тоглон монгол дуу дуулна. Бүхний хүндэтгэлийг хүлээсэн, бидний төлөө бүхнийг хийсэн ийм хүн дээ.
Ирээдүйдээ юу төлөвлөж байна?
Ямар ч гэсэн сургуулиа амжилттай төгсөнө. Өөрийгөө хөгжүүлж, дэлхий ертөнцтэй гүнзгий танилцахыг үргэлж хичээдэг. Монгол руу ахин явахыг маш их хүсч байна. Гэрэл зураг авч, хөгжим сонирхохоо хэзээ ч болихгүй шүү.
Ярилцлага өгсөн баярлалаа. Сурлага хөдөлмөрт чинь амжилт хүсье.
Ярилцсан Г.Даваадорж
1 комментарий:
za ter aav bol neeree gaihaltai hun yum hotya gadaad huntei gerleed yavsan ch gesen nutgaa orhiod tiim hol tiim udaan bj chadna gedeg nad met amitad bol uilaad gerluugee guih bsan biz hundetgesen N
Отправить комментарий