8 дек. 2010 г.

Монгол хэлний ахлах багш Наталья Васильевна: "Монгол орон найрсаг, зочломтгой ард түмнээрээ баян"

 \Сурвалжлага\

      “Чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл
       Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ”. Тиймээ. Энэ сайхан эх хэлээ бид дээдлэсээр ирсэн юм. Биднээс гадна эх хэл, эх орныг маань судалж бусдад таниулж байдаг эрдэмтэн багш нэлээдгүй. Тэдний нэг болох нэгэн орос эмэгтэйтэй уулзахыг би зорилоо.
Ингээд энэхүү багштай уулзахын хамтаар оюутнуудтай нь ч уулзаад амжсан юм. Намайг сургууль дээр нь очиход монгол хэлний 2-р ангийн оюутнууд бичгийн ажлаа багшдаа шалгуулж байлаа. Тэд тус бүрдээ хуудас дүүрэн бичсэн байв. Оюутнууд монгол хэлийг сураад Элчин Сайдын Яам болон Монгол, Оросын хамтарсан компаниудад ажиллах хүсэлтэй байдаг тухайгаа ярьсан юм. “Хэнтий Хангай Соёоны өндөр сайхан нуруунууд Хойт зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд” хэмээн шүлэг хүртэл уншиж сурсан байлаа. Би сонирхолдоо хөтлөгдөн монгол үгэнд ямар үсгийг хэлэхэд хамгийн хэцүү бэрхшээлтэй байдаг талаар асуухад тэд дуу нэгтэйгээр “л” гэсэн шүү.
Төд удалгүй мастерт суралцаж буй оюутнууд ирлээ. Тэд ч мөн Элчин Сайдын Яаманд ажиллах хүсэлтэй гэдгээ дурдаж, тэнд дадлага хүртэл хийгээд амжчихсан гэж бахархангүй ярьсан юм. Эдгээр оюутнууд эх хэлийг маань 6 жил сурсан болохоор чөлөөтэй ярилцацгааж байв. Мөн Монгол ардын ёс заншилтай танилцсан нь харагдаж байв. Тухайлбал  “Цагаан сар”-ын тухай ярьж байлаа. Багш нь тэдэнд орос хэл рүү орчуулах томоохон хэмжээний текст өгснөөр бидний яриа өндөрлөсөн юм. Ингээд Москвагийн Олон Улсын харилцааны Дээд Сургууль (МГИМО) -ийн Монгол хэлний ахлах багш Наталья Васильевнатай уулзаж ярилцлаа.


- Монгол хэл таны сонирхлыг яагаад татсан бэ?
Би Монголд төрөөд тэндээ орос сургуульд сурч төгссөн. Тийм болохоор багаасаа монгол хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж, монгол орчинд өссөн болохоор хэлийг нь суралгүй яахав.

- Та Монголын соёл, ёс заншлын талаар хэр их мэдэх вэ?
Энэ бол чухал асуудал. Би Монгол хэлийг заахдаа зөвхөн дүрэм гээд байдаггүй. Оюутнуудад Монгол орны тухай, түүний уламжлал, ёс заншлын тухай байнга ярьж, хэлж өгдөг л дөө.

- Таныг Монгол үндэсний бичгийг судалж байсан байх гэж бодож байна?
Тиймээ. Их сургуульд сурч байхад монгол бичгийн хичээл ордог байсан. Анх их сонин санагдаж байсан шүү. Сурах гэж нэлээн мэрийж билээ.

- Та МУИС-ийг 1973 онд төгссөн гэсэн. Оюутны амьдралаасаа ярьж өгөхгүй юу?
Бидний оюутан нас үнэхээр сайхан байсан. Тэр үед намрын ургац хураалт гээд ангиараа хээр гарч ажиллана. Одоо бодохоор хамгийн дурсамжтай мөчүүд тэнд л өнгөрсөн юм шиг санагддаг. Багш нар маань бидэнд үргэлж зааж зөвлөж, үнэтэй сургамжаа харамгүй хайрладаг байсан нь одоог хүртэл сэтгэлээс маань гардаггүй юм. Тэднийгээ бодох бүр ажиллах урам зориг нэмэгдэн яг тэдэн шиг багш болохыг хүсдэг байлаа.

- Ойрын хугацаанд Монгол руу явъя гэсэн бодол байна уу?
Хэлж мэдэхгүй байна аа. Ер нь явъя гэсэн бодол бий.

- Одоо МГИМО-д хэдэн суралцагч монгол хэлийг судалж байна вэ?
Монгол хэлний 2-р ангид 7 оюутан, түүнээс гадна 3 мастер бий. Мастерт суралцаж байгаа оюутнууд 2008 оны зун хувиараа Монгол яваад ирцгээсэн. Уг нь бүх оюутнуудад Монгол явах хүсэл байдаг. Гэвч одоогоор оюутан солилцооны талаарх гэрээний асуудал нааштай шийдэгдээгүй л байна.

- МГИМО-ийн монгол хэлний хөтөлбөр, сурах бичгийн талаар товч ярьвал?
Хөтөлбөрийг нь би өөрөө боловсруулдаг. Ихэвчлэн интернэтээс материалаа авдаг. Сурах бичгийн хувьд гэвэл миний гаргасан товхимолыг ашиглаж байгаа.

- Ингээд энэхүү богинохон ярианыхаа төгсгөлд нэгэн зүйлийг асуух гэсэн юм. Монгол орон юугаараа баялаг гэж та хэлэх вэ?
Би Монголыг ашигт малтмал, орд газраараа гэхээс илүү найрсаг сайхан, зочломтгой ард түмнээрээ баян гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Таны ажил үйлст амжилт хүсье.

Сурвалжилсан  Б.Гандулам

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!