Найрамдлын их сургууль дээр "Мисс РУДН" тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг билээ. Тэмцээн нь янз бүрийн залуучуудын арга хэмжээнд сургуулиа төлөөлж байж чадахаар дур булаам, авьяаслаг оюутнуудыг шалгаруулах зорилготой юм.
Энэ жилийн эхний сонгон шалгаруулах шатанд 30 орчим оюутан оролцсоноос 15 нь дараагийн шатанд шалгарч үлдсэн билээ. Оюутнууд "Визитная карточка", "Таланты", "Дискотека", "Дефиле" гэсэн даалгаврын хүрээнд ур чадвараа сорилоо. Анх удаа энэ тэмцээнд монгол оюутан оролцов. Хууль зүйн факультетын 1- р курсын оюутан, хувийн дугаар 7, Г.Ганцэцэг үндэсний хувцасны шоу үзүүлбэр, ардын бүжиг бэлдэн оролцож, дараагийн шатанд шалгарч үлдлээ.
Хоёр дахь шатны тэмцээн 2 сарын 25 нд Интер клубын урлагийн зааланд болж өнгөрөв. Тэмцээн 4 хэсгээс бүрдэв. Эхний хэсэгт оюутнууд 1-1,5 минутын хугацаанд тайзны номерын аль нэг хэлбэрээр өөрийгөө үзэгчдэд танилцуулах ёстой байлаа. Манай оролцогч видео эвлүүлэг ашиглан "Миний хөрөг" гэсэн нэрийн дор даалгаврыг гүйцэтгэлээ. "Талант" хэсэгт Ганцэцэг ардын бүжгээ бүжив.Дараа нь оролцогчид "Мы"- это мир" сэдвийн хүрээнд улс орныхоо түүх, уламжлал, ардын урлагаар дамжуулаад амьдралын тухай үзэл бодлоо илэрхийлэв.
Манай оролцогчийн бэлдсэн хүүхдийн тухай теле зохиомж үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. Зохиомж нь ямар ч үндэстний ирээдүй хувь заяа шинэ үеийг хэрхэн хүмүүжүүлэхээс хамаардаг гэсэн гол санааг агуулсан байв. Ийнхүү бүх номерийн нийлбэр дүнгээр Г. Ганцэцэг шүүгчдийн зүгээс өндөр үнэлэлт авч төгсгөлийн шатанд оролцохоор болов.
4 сарын 1 нд болох төгсгөлийн шатны тэмцээн 6 хэсгээс бүрдэх юм.
Бүх Монгол оюутнуудын зүгээс Ганцэцэгтээ өндөр амжилт хүсье.