Денверийн 2010 оны “Шилдэг оюутан” А.Амаржинтай гэрт нь уулзаж, бидний яриа Денверийн сүрлэг уулсын дунд орших алдарт хавцлын дүүжин гүүрэн дээр үргэлжилсэн юм. Тэрээр залуу хүн гэхэд бидний төсөөлж байснаас огт өөр, дэлхийн хэмжээнд суралцаж, дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа өнөөгийн монгол залуусын сайн төлөөлөл байв.
Хүүгийнхээ боловсрол мэдлэгийн төлөө өөрсдийгөө элээж, мөнгөөр бус эрдэм мэдлэгээр баялгаа босгож байгаа аав ээжийнх нь ухааныг хүндлэхгүй байхын арга үгүй. Яг энэчлэнгээр мянга мянган монгол эцэг эхчүүд харийн өндөр хөгжилтэй орнуудад өөрсдийн үр хүүхдээ хөгжүүлж, дэлхийн хэмжээнд бэлтгэж байна. Тэдний алжааж ядарсандаа урсах хөлсний дусал бүхэн нь үр хүүхдийнх нь ухаан санаанд баялаг болон шингэж буй.Үүнийг Монгол орны хөгжлийн төлөө, ирээдүйн сайн сайхны нь төлөөх аугаа их хөрөнгө оруулалт хэмээвэл зүйтэй биз ээ.
-Хаана төрж, өсч суралцсан тухайд эхэлж асуух нь зөв байх гэж бодлоо?
-Улаанбаатарт төрж 52 дугаар сургуульд элсэн орж байсан XIX хорооллын хүүхэд.
-Энд шатраар хичээллэдэг гэж сонссон. Монголд байхдаа сурсан байлгүй?
-Монголдоо долоон настай байхдаа анх сурч улмаар бага насны ангилалд хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож байлаа. Улсын аваргын “Цодгор хүү” тэмцээний 11-12 насны ангилалд IV байр эзэлсэн. Шатрын их мастер Хатанбаатар багшийн дугуйланд хичээллэж байсан нь их нөлөөлсөн л дөө. Монголдоо байхдаа шатрын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж олдсон ч амжаагүй Америкт ирсэн.
Энд шатраар хичээллэж хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. Денверийн гурван удаагийн аварга болж, Клорадагийн аварга шалгаруулах тэмцээнд II байр эзэлсэн. Тэр тэмцээнд намайг хожиж аварга болж байсан хүү 2006 онд АНУ-ын аварга болж байсан. Шатар хүний оюун ухааныг хөгжүүлдэг төдийгүй өөр олон зүйлд сургадаг. Нөгөө талаасаа хүнийг суурьтай, тэвчээртэй, алив зүйлд анхаарлаа маш сайн төвлөрүүлэхэд сургадаг. Яг тэмцээнд оролцож байхад, цаг явж байгааг анзаарахгүйгээр өөрийгөө тайван байлгаж, нүүдэлдээ анхаарч сурах гэдэг амаргүй. Гэхдээ ингэж сурч чадвал амжилтад хүрч чадна.
-Өөрийн тань амжилтын тухай “Амаржингийн уран нүүдэл” нэртэйгээр хэвлэлд гарч байсан гэж сонссон. Уран нүүдэл гэж чухам юуг хэлдэг вэ?
-Тийм ээ. Олон нүүдлийг урьдчилан харж гарцаагүй тэр байдалд оруулах хэрэгтэй. 16 нүүдлийг урьдчилан харж байсан тохиолдол ч бий. Сайн шатарчин дор хаяж таван нүүдлийг урьдчилан харж тооцоолно. Шатрын тэмцээнд хоёр хүн тоглож байхад нөгөө өрөөнд олон хүмүүс нүүдэл бүрийн задаргааг хийж байдаг. Бүхэл бүтэн тийм баг ажилладаг. Нэг тэмцээний дараа миний тоглолтын талаар “Амаржингийн уран нүүдэл” нэртэй тайлбар гарч байсан л даа. Гарцаагүй байдалд өрсөлдөгчөө оруулахын тулд нөгөө хүнийхээ нүүдэл болгоныг урьдчилан тооцоолж байх ёстой гэсэн үг л дээ. Надад Америкт шатраар амжилт гаргах магадлал байсан. Гэтэл үүний тулд маш их цаг зарцуулах, бас дасгалжуулагч, бэлтгэл хийгч хэрэгтэй байлаа. АНУ-д шатрын дасгалжуулагч маш их үнэтэй. Тэгээд ч манайх хүн ам багатай газар руу нүүсэн. Дээрээс нь би сайн суралцахаар шийдсэн. Сургуульд орсноосоо хойш нэг их тоглоогүй. Гэхдээ хааяа хааяа тоглох тухай бодол орж ирдэг. Хэзээ нэгэн цагт шатраар дахиад хичээллэх байх.
-Шатарчин Амаржин Америкт ирсэн тухайгаа яриач?
-Миний амьдралдаа хийх олон ч сонголтод аав тусалж, нөлөөлсөн. Аав минь инженер хүн атлаа маш их мэдрэмжтэй. Яг өнөөгийн цаг үед юу болох, надад юу хэрэгтэй, юунд яаж хөгжүүлэх ёстойг илэн далангүй ярилцаж зөвлөдөг. Аав минь биднээс түрүүлж Америк явахдаа 11 настай надтай яг л том хүнтэй ярилцаж байгаа юм шиг ярьсан. Тэр үед надад зөвлөж хэлж байсан олон ч зүйл одоо хэр нь санаанаас гардаггүй юм. Бид 2003 оны аравдугаар сард ирсэн.
Англи хэл огт мэдэхгүй надаас “Чи хэдэн настай вэ” гэж англиар асууж байхад нь “no” гэж хариулж байсан юм даа. Тэгээд л хичээж эхэлсэн. Америк хүүхдүүдийг гүйцэж суралцана гэдэг амаргүй ч би тэдэнтэй зэрэгцэж очихыг хүсч их хичээллэсэн. Их Сургуульд элсэхэд бэлтгэх “Олон улсын бакалаврын хөтөлбөр”-ийг аав намайг VIII ангид байхад олж өгсөн. Тэд шалгаруулахдаа ярилцлага авна. Би хэлдээ сайнгүй ч тэд миний физик-математикийн мэдлэгийг үнэлж элсүүлж авсан.
-Ер нь ажаад байхад монгол хүүхдүүдийн физик, математик, хими гэхчилэн байгалийн шинжлэлийн мэдлэг Америкт нэлээд үнэлэгддэг юм билээ. Энэ нь Монголын сургалтын хөтөлбөртэй холбоотой болов уу?
-Тийм шүү. Монголын сургуулиудын байгалийн ухааны академик сургалт энд их үнэлэгддэг. Хүний өссөн орчин хүнд их нөлөөлдөг. Бага байхдаа заримдаа магтуулж, хааяадаа зэмлүүлж элдэв зүйлийг эргэцүүлэн бодож байхдаа өөрчлөлтийн тухай их бодно. Миний бодол хүсэлтэй зөрчилдсөн, болж бүтэхгүй байгаа олон зүйлийг анзаарч мэдрэх бүрдээ “Үүнийг өөрчилж яагаад болдоггүй юм бэ” гэж өөрөөсөө асууна. Өөрчлөлт гэдэг зүйл дороос эхэлдэг гэдэгт би итгэдэг. Нийгмийн идэвх сонирхлоосоо шалтгаалан, мөн энэ өөрчлөлтийг хийх нэг боломжийн үндсийг хайж улстөрөөр суралцья гэж шийдсэн. Ер нь надад социалдемократ үзэл их таалагддаг юм.
-Надад ч бас социалдемократ үзэл таалагддаг л даа. Гэхдээ бодлоо хуваалцахгүй юу?
-Хүн өөрөө хичээгээд амжилтад хүрч чаддаг ч нийгмийн тогтолцоо нь тэр хүний амьдралд сайнаар эсвэл муугаар заавал нөлөөлдөг. Хүн болгонд адил боломж байдаг хэрнээ хүмүүс түүнийгээ янз янзаар л ашиглана. Зарим оронд нийт хүн амын таван хувь нь нийгмийн баялгийн 80 хувийг эзэмшиж байдаг. Монголд ч ийм үзэгдэл аль хэдийн бий болчихлоо. Цөөн хүмүүс эрх мэдлийг авч улс орныг удирддаг. Яваандаа мөнгө эрх мэдлээр сүлэлдсэн олигархиуд бий болж ардчиллыг ч хянаж эхэлнэ. Энэ бол капитализм юм.
-Капитализмыг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж, үнэлдэг. Харин Амаржин хэрхэн үнэлдэг бол?
-Капитализм хүн бүхэн хувьдаа хичээж чадвал амжилтад хүрэх боломжийг бий болгосон, хамгийн сайн ажиллаж буй эдийн засгийн систем. АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон,”Ард түмэн төрөө 20-иод жилд хянаж, тодорхой хэмжээнд бослого гаргаж байх нь хэвийн үзэгдэл байх төдийгүй, тогтвортой төрийг бүрдүүлнэ” хэмээн хэлсэн байдаг. Түүн шиг Төр нь, мөн ард түмэн нь ч адил, эдийн засгийнхаа хэв маягийг хянах хэрэгтэй болов уу. Энэ утгаараа капитализмыг орлогын хэт ялгаанаас, мөн хүн болгон мөнгөний боол болохоос сэргийлэн төр нь тодорхой хэмжээний хязгаарлалт, хяналтыг тавих нь зөв гэж бодож байна. Бүгдээрээ л зөвхөн мөнгөний төлөө өөр хоорондоо өрсөлдөж байна. Яг энэ утгаараа өнөөгийн капитализм буруу замаар явж байгаа. Байгаль орчны сүйрэл, эдийн засгийн хямрал, бас бус гамшигуудад тодорхой хариуцлага үүрэх хэрэгтэй хэмээн бодож байна.
-Тэгэхээр чиний бодлоор хамгийн чухал нь юу гэж?
-Сэтгэл ханамж. Хүмүүс одоогийн амьдарч байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх ёстой. Өнгөрсөн жил ард иргэд нь хамгийн их сэтгэл хангалуун амьдардаг орноор Финлянд шалгарсан. Финляндад ард иргэд нь ажил мэргэжлээсээ үл хамааран адилхан машин унаж, байшинд сууж, адил хэв маягтай амьдарч байдаг атал, өндөр хөгжилтэй орнууд энэ үзүүлэлтээрээ тэднээс дээр байж чадахгүй байгаа нь сонирхолтой. Би энэ талаар Платон, Сократ, Аристоталь зэрэг аугаа сэтгэгчдийн бичсэнийг уншдаг.
Сэтгэгчид өөрсдөө улстөрийн аугаа их зөн совинтой. Аристоталь өнөөгийн ардчилсан нийгэм болон хүний хөрөнгийн шунал тачаалыг 2300-аад жилийн өмнө зөгнөсөн байдаг. Тэрээр хэлэхдээ “Төр зохистой арга хэмжээ аван, хариуцлагатай хүчин байж чадахгүй аваас энэ нь даамжирч анархийн нийгэмд хүрнэ” гэжээ. Аливаа үзэл бодол болон үзэгдлийг цаг хугацаа л нотолдог. Тэр үед маш хэцүү санагдаж байсан зүйлс өнөө үед харахад маш амархан болж орхиж. Тэгэхээр хөгжил гэдэг тасралтгүй бас мөнхийн юм. Бүх зүйлийг үгүйсгэж хараах хэрэггүй л дээ. Одоо ч эдгээр сэтгэгчдээс ч марксизмаас ч авах зүйл зөндөө байгаа.
-Би дэлхий нийтээрээ л хямраад байна гэж боддог?
-Судалгаанаас харахад 15-25 жилийн давтамжаар дэлхийд янз бүрийн шалтгаанаас эдийн засгийн хямрал болж байдаг ч сүүлийн хямрал нь зээлийн системээс болж байгаа. Америкт гэхэд л 300 сая орчим хүний дийлэнх нь өртэй. Нэг хүн дунджаар 28 мянган ам.долларын өртэй гэсэн тооцоо бий. Гэтэл Социалдемократ засаглалтай орнууд энэ хямралд өртсөнгүй. Канад, Швед, Финлянд, Австрали, Англи гэхчилэн. Ямар ч улс орон тогтвортой байх ёстой. Тэгж байж л хүмүүс нь амгалан тайван, сэтгэл хангалуун амьдардаг.
Хүн бүхэн амьд явах эрхтэй. Хүний энэ тэргүүний шаардлага нь эрүүл мэнд, сайн боловсрол. Гэтэл хүмүүс хорт хавдраас бус, даатгалын компанийн буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алддаг. Капитализм, социалдемократ үзлийн ялгаа нь энд харагддаг юм. Би харин АНУ-д социалдемократ намыг нь дэмждэг. Одоогийн ерөнхийлэгч Б.Обамагийн үзэл бодол нь надад таалагддаг. Их ч эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хүн. 2007 оны нэгдүгээр сард Б.Обама нэрд гарч амжаагүй байхдаа, сонгуулийн сурталчилгааны ажлаар Клорадад ирж байхад нь гар барьж амжсан шүү.
-Гадаадад буй монгол залуусын тухай ямар бодол тээж явдаг вэ?
-2010 оны долоодугаар сарын 11-16-нд Чех улсад болсон “Олон Улсын залуу оюутнуудын чуулга уулзалт”-д оролцож “Монгол Улсын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Энэ уулзалт жил бүр уламжлал болгон явагддаг. Дэлхийн улс орнуудаас шилдэг 100 оюутныг шалгаруулж оролцуулдаг юм билээ. Шалгуур нь их өндөр. Өнгөрсөн жилийн энэ уулзалтад дэлхийн 35 орноос 100 оюутан оролцсоны зургаа нь Америкийнх байсан. Түүний нэг нь би байлаа.
Миний илтгэлийг нэлээд сонирхож, сайн үнэлсэн. Монголоо сурталчилж, маш том дуу хоолой болж чадсандаа баяртай байгаа. Гол нь энд “Монгол залуус мундаг” гэдгийг л харуулж нотлохыг хүссэн. Бас Сингапурт 2000 оюутан оролцсон НҮБ-ийн өргөтгөсөн хуралд Клорадагийн их сургуулиа төлөөлж урилгаар оролцсон. Хэдийгээр Америкаас ирсэн ч “Монгол” гэхээр бас л содон байсан.
-Монгол хүүхдүүдэд багшилдаг гэсэн. Юу зааж байгаа вэ?
-Манай сурагчид надаас 2-3 дүү байсан л даа. Америкчууд ер нь хүүхдүүдийг зөнгөөр нь сургадаг бол монголчууд нэлээд шахалтаар сурдаг. Миний хувьд хатуу шаардлага тавьж шахаж сургасан. Надад жаахан багшлах авъяас байсан байхаа. (инээв) Монгол хүүхдүүд их шахалт дор айдас дээр сурдаг. Тэд багшдаа загнуулахгүй гэсэндээ хичээлээ хийх нь олонтаа байдаг. Бид багаасаа л үүнийг мэддэг байсан. Харин энэ удаад би хүүхдүүдээ ухамсартайгаар сургахыг хичээсэн. Тэд намайг гомдоохгүй гэж хичээж суралцсанд би их баяртай, бид ч бие биедээ сэтгэл хангалуун байгаа.
-Энэ нь шатраас үүдэлтэй юм уу?
-Магадгүй ээ. Гэхдээ би спорт их сонирхдог. Үндэсний бөх, сумо барилдаан гээд. NBA-г ч бас яг л ингэж үздэг. Зав чөлөөгөөрөө найзуудтайгаа хөл бөмбөг тоглоно.
-Гэр бүлийнхнийхээ тухай танилцуулж болох уу?
-Ээжийг минь Ж.Пунцагдулам гэдэг. ОХУ-д Холбооны инженерийн мэргэжлээр Новосибирск хотын Цахилгаан холбооны их сургууль төгссөн. Харин Энэтхэгт компьютерийн инженерийн чиглэлээр мастер хамгаалсан. Энд ирээд Клорадогийн ТИС-д Компьютерийн сүлжээний нууцлалын системийн чиглэлээр бас мастер хамгаалж, одоо Wyoming-ийн ИС-д энэ чиглэлээрээ Ph.D сурч байгаа. Аавыг минь Л.Амарбаясгалан гэдэг. ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн ИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгсч бакалавр, мастерийн зэрэг хамгаалсан. Монголдоо Стандарт хэмжил зүйн үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2002 онд Америкт ирсэн. Одоо BAB Construction нэртэй барилгын компанийн эзэн. Бас миний дүү Тамир энэ жил ахлах сургууль төгсөж байгаа. Харин миний хайртай дүү Анар хоёр нас хүрч байна.
-Амаржингийн зорилго нь?
-Алсдаа Харвардад хуулийн чиглэлээр мастерт суралцах бодол бий. Бас боломж л гарвал монгол залуустаа тусалж тэдэнтэй хамтдаа хөгжих сонирхолтой. Улстөр, хуулийн чиглэлээр суралцсан мэдлэг чадвар минь Монгол орны хөгжилд хэрэг болох цаг ирнэ гэдэгт итгэдэг.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-нд Лос-Анжелост болсон “Надад хэлэх үг байна” уулзалтад оролцохыг түүнд санал болгосон. Тэрбээр зөвшөөрч уг уулзалтад оролцоод төгсгөлд Америкт суралцаж байгаа монгол оюутны нэгдэл үүсгэх, мэдээллийн нэгдсэн сан бий болгох талаар нэгэн баг бүрэлдэж, тодорхой санаачлагыг эхлүүлэх болоход тэр багт орж ажиллахаар болсон байгаа. А.Амаржингаас гадна өндөр хөгжилтэй оронд амжилттай суралцаж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, дэлхийн хэмжээнд нэрээ гаргаж, дэлхийн хэмжээнд сэтгэж, тэмүүлж яваа олон монгол залуус бий. Тэд Монгол орны ирээдүйн хөгжлийн эзэд нь мөн. Тийм залуустай байхад бид юундаа итгэл алдран бухимдах билээ.
Эх сурвалж: http://niigmiintoli.mn/
Комментариев нет:
Отправить комментарий