26 нояб. 2010 г.

УЛС ТУНХАГЛАСАНТАЙ ХОЛБОГДОХ ЗАРИМ БАРИМТУУД

  • 1924 оны 6-р сарын 7-нд МАН-ын Төв Хорооны III бүгд хурал Бүгд Найрамдах улсын засаг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасныг засгийн газрын хуралдаан, МАХН-ын III их хурлаас дэмжиж Бүгд найрамдах засгийг ерөнхийлөгчгүйгээр байгуулах, Олноо өргөгдсөн оны цолыг халахаар болов.

  • 1924 оны зун улсын анхдугаар их хурлын төлөөлөгч сонгох ажил Монгол улс даяар явагдаж нийт 90 төлөөлөгч сонгожээ.

  • 1924 оны 9-р сард Улсын Их хурлын дүрэм, хурлын үйл ажиллагааны дэгийг батлав.
  • 1924 оны 11-р сарын 8-нд Улсын анхдугаар Их хурал, Намын Төв Хорооны  байранд эхлэж Халх 4 аймаг, Нийслэл хүрээ, Ардын цэрэг, Их шавь, Буриад хошуу, Ховдын тариачин хошуу Дарьганга, Алтай, Хөвсгөлийн  Урианхай нараас сонгогдсон 90 төлөөлөгчдөөс 77 нь хүрэлцэн ирсэн байна. Их хурлын гишүүд өдөрт 2 лангийн цалин авч байв. Тэдний дунд тайж язгууртан 6, лам 9 байсан ба бусад энгийн ард байжээ.

  • Хуралд ЗХУ-ын элчин сайд Юдин, Коминтерний төлөөлөгч Рескулов, Буриад Монголын ерөнхий сайд Ербанов болон Төвд, Барга, Казакын төлөөлөгчид зочноор оролцсон байна.
1924 онд гүйлгээнд орсон 3 төгрөг
  • Хурлын танхимд индэрийн ард Д. Сүхбаатарын зураг болон эвтэй дөрвөн амьтны дүрсийг хүндэтгэлтэйгээр байрлуулсан ба мөн хуралд зориулан алдарт зураач, аялагч Н. Рерих “Улаанбаатар” нэртэй зургаа дурсгасан байдаг.
  • Хурлыг ерөнхий сайд Б. Цэрэндорж нээж төлөөлөгч зочдод баяр хүргээд Ардын төрийн дээд байгууллагын тамгыг хүлээн авах хүндэтгэл ёслолыг гүйцэтгэжээ. Тамга нь “Ардын эрхт Монгол улсын хурлын тамга” гэсэн бичигтэй  дундаа соёмботой дөрвөлжин тамга байлаа. Мөн үүний хамт Монгол улсын хурлын тэмдэг гэсэн модон тэмдэг хэрэглэгдэж байв. 
  • Улсын анхдугаар Их хурлаар 10 гаруй асуудал хэлэлцээд Ардын засгийн газраас 1921-1924 онуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил зэрэг нь ард түмэнд ашиг  тустай, нийлэмжтэй болж Бүгд Найрамдах засаглалыг тунхаглах нөхцлийг бүрэлдүүлсэн гэж үзсэн байна. Ингээд хуралд үндсэн хууль болон бусад асуудлаар 200 гаруй асуулт тавьж хариулт авснаас гадна давхардсан тоогоор 250 хүн санал шүүмжлэл гаргаж үг хэлжээ. Их хуралд Гэндэн, Лувсанчой, Гонжоон, Жадамбаа, Дамбадорж, Элбэгдорж, Гунгаабалжир нарын 30-аад хүн онц идэвхтэй оролцсон байна.
  • Улсын их хурал нь хууль тогтоох эрх мэдэл бүхий төрийн дээд байгууллага Улсын бага хурлыг байгуулах шийдвэр гаргаж Бага хурлын тэргүүлэгчдэд П.Гэндэн, Б.Дамбадорж, Б.Ламжав, Б.Цэрэндорж, Дангаа нарыг сонгож тэднээс П.Гэндэнг Улсын бага хурлын даргаар сонгосон байна. Мөн улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэхээр тогтжээ.  
  •  Эцэст нь 1924 оны 11 сарын 25 нд 4 цаг 15 минутанд, 6 бүлэг 50 зүйл бүхий анхдугаар Үндсэн Хуулийг төлөөлөгчид бүгд гар өргөн батлаж, уриа хашгирч мөн хурлын төлөөлөгчдөөс дуу зохиож дуулсан байна. Уг дуу нь:
                Улаан тугийг мандуулаад
                Улсын сүрийг бадруулаад
                Улсын их хурлыг Улаанбаатарт нээв ээ хө
                Түмэн ардын төлөөлөгч нар
                Төрийн хэргийг жолоодов оо хөө
                Урагш давших замыг
                Улсын хурлаас заав аа хөө  гэсэн үгтэй байжээ.
  • Харин хурлын төлөөлөгчдийн гаргасан санал ёсоор шинэ үндсэн хуулиа билэгдлийг бодон мандах нарантай хамт уншин тунхаглахаар болж 1924 оны 11 сарын 26-ны өглөө Нийслэлийн төв талбайд ард олны цуглаан дээр уншин сонсгож,  тунхагласан байна.
 А. Энхбат Анкара 2010. 11. 26

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!