12 дек. 2010 г.

МАРТАГДСАН ХИЙГЭЭД МАРТАГДААГҮЙ, ИХ БА “ИХ БУС” МОНГОЛ УЛСЫН “ХУУЛЬ ЭРХИЙН АКТУУД”

Монгол улсын ерөнхийлөгч цаазаар авах ялыг халах тухай санаачлага гаргасны дараахан ТВ-9 телевизээр өмгөөлөгч гэх хэдэн хүн хоёр хуваагдаад маргаж байх юм. Нэг хэсэг нь ерөнхийлөгчийн зөв, нөгөө нь буруу гээд л. Гэтэл гэмт хэрэгтэнг цаазаар авч байх нь зүйтэй хэмээн мэтгэж буй өмгөөлөгч Ц. Элбэгдорж нь Чингис хааны “Үхүүлэх ёстойг үхүүл” гэсэн Их засаг хуулийн чухал заалтыг зөрчиж байна гэв. Мань хүнийхээр бол 800 жилийн өмнөх хууль өнөөг хүртэл хүчинтэй бололтой. Тэгвэл УИХ-ын гишүүн, сайд нарт 9 удаа гэмт хэрэг хийвэл ял үл тооцох, татвар үл төлөх, намаа сонгуульд ялуулж даргаа ерөнхийлөгч болгосон нарийн бичигт нь 30 хүүхэн сонгох, бас дээр нь сайд болох эрх өгч байвал яасан юм хэмээх хэгжүүн бодол төрлөө.  


 
Гэтэл мань өмгөөлөгчийн зөв болж таараад байна аа. Нээрээ Их Монгол улсын үеийн хууль эрхийн дээрх онцгой эрх одоог хүртэл хүчтэй хэвээр, гэхдээ жаахан гажсан нь бол үнэн. Есөн удаа гэм хийсэн ч ял үл хэлэлцэх гэсэн заалт Чингис хааны “Дархан” цол хайрласан хүмүүст зориулагдаж байсан бол өнөөдөр мөн л “Дархан эрх” төрөөс авсан нөхдүүдэд хэвээрээ үйлчилсээр. Тэгээд уг эрх жирийн харц ард олонд биш тэр үеийн их хуралдайн гишүүн, сайд, генералуудад зориулагдсан тусгай зүйл анги. Харин 13 зуунд энэ эрхээ эдэлж хэргээс мултарсан тохиолдол гараагүй бол манай үед эсрэгээрээ.

Мөн олсон олзоо хэнтэй ч үл хуваах буюу татвар үл төлөх эрх ч ялгаагүй үүнд хамаарна. Чингис хаанаас олгосон энэ эрх нь удам дамжих учиртай. Орчин цагт ч адилхан өдөр тутмын хэвлэлүүдээр дарга нарын хүүхдүүдэд хууль үйлчилдэггүй гээд байгаа нь үеийн үед гэсэн шинж чанраа алдаагүй байгааг харуулна. 

Чингис хаан бол гарамгай удирдагч байсантай хэн ч маргахгүй. Тэрбээр хаан болсноор дараах шинэтгэлүүдийг хийсэн юм. Дундад зууны Дорно дахины аль ч орны Хаан, Шах, Ван зэрэг нь төрийн тэргүүнээс гадна дээд шүүгч, цэргийн жанжин, шашны тэргүүний үүрэг хүлээдэг байлаа. Өнөөгийн ойлголтоор нэг хүнд ахадсан энэхүү эрх үүрэг нь засаглалын хурдан шуурхай байдалд ихээхэн хүндрэл учруулна. Тиймээс их хаан өөрийн өргөмөл дүү Шихихутагт шүүх эрх мэдлийг өгч, төрийн их заргач болгосноор дээд шүүгчийн үүргээсээ татгалзав. Монголд шүүгч шударга ажиллаж хуулийг сахиулж байлаа. (13 зуунд шүү) Их засаг хууль зөрчсөн хэн бүхэнд ялгаагүй үйлчилнэ. Өөрөөр хэлбэл “хуулийн өмнө хүн бүр тэгш хариуцлага хүлээнэ” гэсэн үг манай үед жаахан мартагдсан. Уг нь найман зууны өмнө хааны дүү Хавт Хасар бусдын адил хатуу шийтгүүлж л байв. 

Түүний дараагийн хамгийн томоохон шинэтгэл бол 95 мянгатын ноёныг гарал угсаа биш төрд байгуулсан гавьяа зүтгэлээр нь томилсон нь хуучин овог аймгийн сурвалжтан нарыг бүрмөсөн дарсан хэрэг юм. Эдгээр 95 хүн бол цэргийн гэхээсээ илүү иргэний засаг захиргааны удирдагчид байсан бөгөөд их хааны бодлогыг хөдөө орон нутагт хэрэгжүүлэгчид. (Жич: Монголын түүхийн сурвалж бичигт, хааны санд хандив өгч, танил талаараа яриулж их хуралдайн гишүүн эсвэл сайд, мянганы ноён болсон гэх тэмдэглэл байдаггүй.) Гэхдээ тэднийг одоогийн их хурлын гишүүн, сайд, засаг дарга нартай яаж зүйрлэх вэ. Харин манай үеийн зарим гишүүн, засаг дарга нар өөрийгөө мянганы ноён тэр бүү хэл Чингис хаан, Богд хаантай зүйрлэн хээ хуартай торгон болон цагаан дээл өмсөөд, баяр ёслолоор хажуудаа баатрын хувцастай залуус, хатадын өмсгөлтэй охидыг зогсоох эсвэл адуу малтай ноцолдож, зураг хөргөө авахуулж, дүрс бичлэг хийлгэдэг. Тэдний дунд бүр хуяг дуулгатай морь унаж, засгийн газрын ордны хажуугаар давхиж явсан хүн ч бий. Энэ байдал нь улс төрд орох хүсэлтэй залуус халдаж, Орос найруулагчийн хийсэн “Монгол” гэх киноноос санаа авсан (кинонд Тэмүүжин Жамух хоёр цусаа уулцан анд болдог.)  иргэний хөдөлгөөнийхөн цусан тангараг өргөсөн бол зохиолын дуучин залуу гар хуруугаа эсгэн газар шороогоо өмөөрсөн клип хүртэл хийлгэжээ. 

Монголчууд тангараг өргөж, хамтран тэмцэхээ илэрхийлэхдээ хоёр биендээ эд зүйлс дурсган нөхөрлөдөг. Үүнийг Монголын нууц товчооноос төвөггүй харж болно. (Тэмүүжин Жамух хоёр гурван удаа анд болсон хэсгээс) Харин цусаа уух, нийлүүлэх зэргээр цусан ах дүү болох ёс Түрэг аймгуудад илүү хамаатай. Тиймдээ ч Түрэг хэлний “анд болох” гэсэн нь үгийг шууд орчуулбал “анд уух” гэж буудаг. 

Түүний бас нэгэн томоохон шинэчлэл бол төрийг шашнаас тусгаарлаж, Үсүн өвгөн, Тэв тэнгэр нарт бөөгийн зан үйлийг эрхлүүлэх болсноор хаан шашны лидер, удирдагч байхаа больсон явдал юм. Улмаар төр бүхнээс хүчтэй гэсэн зарчим баримталж, хааны хайрыг эс дааж, хувиараа “тэнгэрт цагаан морь унан гарч онгодтой ярьдаг, өвөл мөсөн дээр нүцгэн сууж бясалгадаг” гэх хүч нөлөөтэй, олонд Тэв тэнгэр хэмээн алдаршсан Хөхчү бөө илүү эрх мэдэл шаардаж, бие тооход нь шууд хороосон. Монгол уламжлалд уул усны эзэн лус савдаг нь жирийн иргэдэд шиг бас төрд захирагддаг. Тиймээс бөөгийн онгод тэнгэр төрд харьяатай хэн бүхэнд хараал хийж чаддагүй гэлцэх ба төрийн хар хүн ч тэд нараас айх ёсгүй. Харин Авилгатай тэмцэх газрын (төрийн хар хүн) ажилтангаас сурвалжлагч өөрийн ажил, үүргийн бэрхшээлтэй талыг дурдахгүй юу гэтэл цонх нь доор ном уншиж, элдэв юм цацах лам, бөө нарыг нэрлэж тэднээс эвгүйцэж байгаагаа, энэ нь ажил үүргээ явуулахад саад болж байна гэх болж дээ хөөрхий, өнөө үед.  

Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед уул овоо тахих ёслолд яамны дэд сайдаас доош тушаалийн албан хаагч этгээд Хаан төрийг төлөөлөн оролцдог байжээ. Чингис хаан ч ялгаагүй Бурхан халдун ууланд хандахдаа амийг минь авч хамгаалсны төлөө үеийн үед тахин мялааж байя чамайг гэснээс бус намайг хаан болгооч, ард түмнийг минь аз жаргалтай амьдруулаач, мал сүргийг минь онд мэнд оруулаач гэж огт гуйгаагүй. Мөн ийм утгатай захиа, өргөдөл энэ тэр бичээд галд өргөн шатааж утгаар дамжуулж дээд тэнгэрт илгээж байсан нь нэгээхэн ч үгүй. Цаасан дээр элдэв зүйл бичин шатааж өвөг дээдэсдээ илгээх нь Хятад зан заншилд хамаатайг энд хэлэх хэрэгтэй. 

Чингис хаан бас цэргийн хувьд ч томоохон шинэтгэл хийж цэрэг захирах авьяастай, эрдэм ухаантай жанжин нартай итгэсэн шиг итгэж их цэрэг удирдуулан аян дайнд илгээж байв. Учир нь тэр цагт улс орнуудад эзнээсээ цэрэг авсан жанжин нар эргэж бослого гарах нь элбэг үзэгдэл байлаа. Харин Монгол жанжин бүү хэл урваж шаравсан цэрэг нэгээхэн ч үгүй. Тэртээ 13-р зуунд “хэт их баатар” эрд цэрэг захируулж үл болох талаар Чингис хаан айлдахдаа: “аян замд явахдаа өөр шигээ бодож цэргүүдээ хоол унд, нойргүй хонуулах, бас хүн бүрийг өөр шигээ их бяр тэнхээтэй хэмээн сэтгэж хүнд хэцүү тулаанд цэргээ оруулж хохироох аюултай” хэмээсэн нь бий. Өөрөөр хэлбэл баатар эр, гарамгай жанжин хоёр тусдаа байдгийг өгүүлжээ. Харин орчин үед манай арми аян дайнд мордохоор бол цэрэг, цагдааг маань аравт, зуут, мянганы дарга нараар томилогдсон бөхчүүд, тамирчид захиран удирдах төлөвтэй болоод байна. Учир нь өдгөө цагт спортын амжилтыг цэргийн цолоор мялаадаг уламжлал ихэд дэлгэрсэн бөлгөө.

Их хааны хийсэн дээрх шинэчлэлүүд нь зуун дамжин дэлхийг захирах боломжийг Монголчуудад авчирчээ. Түүхээ сэргээх, түүгээрээ бахархахад бас учир байна шүү.

А. Энхбат, Анкара, 2010. 12. 11

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!