28 июн. 2010 г.

Хүндэт элсэгч таньд...

Юуны түрүүнд ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн    \ РУДН \ суралцагч болсонд тань баяр хүргэе. Сургуулийн танилцуулгаас та бүхэн багагүй мэдээлэл олж авсан гэдэгт найдаж байна. Харин энэ удаа нэгэнт энэ сургуулийн оюутан болсон хүний хувьд чухал зарим зүйлийг оруулж байна.
Ирсний дараа:
1. РУДН-ы монголчуудаас шинээр ирсэн оюутнуудыг Ярославский вокзал дээр нэгдсэн журмаар угтаж авдаг. Тиймээс галт тэргээр Москвад ирж байгаа шинэ хүмүүсийн хувьд хэн намайг тосох бол гэж санаа зовох зүйлгүй юм. Галт тэрэг мягмар гаригийн 2 цаг 30 минутад ирдэг.

2. Та бүхэн ирсэн даруйдаа сургуулийн төв корпуст байрлах Азийн оюутнууд хариуцсан хэсгээс холбогдох бичиг баримт хүлээж авсны дараа дотуур байранд амьдрах эрхтэй болно. Энд хүндрэл байхгүй бөгөөд хуучин оюутнууд туслах болно.
3. РУДН-нь 11 оюутны дотуур байртай. Тэдгээрээс саяхан ашиглалтанд орсон 13-р корпуст шинээр ирсэн хүмүүс хэсэг хугацаанд байрладаг. Дараа нь өөр байр луу шилжинэ.
4. Ирсний дараах эхний хэдэн хоногт бичиг баримттай холбоотой ажлуудаа амжуулахад тань туслах бөгөөд хэдийд юу хэрэгтэйг тухай бүрт тайлбарлаж өгөх болно.
5. РУДН-д элсэж буй хүн болгон эмнэлгийн үзлэгт орох шаардлагатай бөгөөд монгол оюутнуудаас хэн нэгэн нь үүнд туслах болно. Та бүхэнд эрүүл мэндийн дэвтэр \ медицинская карточка \ гаргаж өгнө. Эмнэлгээр үйлчлүүлэх болгондоо эрүүл мэндийн дэвтрээ авах ёстой.
 6. Хэн хүнд эрүүл мэнд чухал. Оюутнууд жил бүр эрүүл мэндийн даатгалд хамрагддаг.

Визийн журам:
1. РУДН-д суралцагч жил болгон Монгол дахь ОХУ-ын Элчин Сайдын Яаман дээр очиж визийн хугацаа сунгуулах шаардлагагүй. Сургууль нь өөрийн паспортын хэлтэстэй                       \ паспортный отдел \ бөгөөд эндээ оюутнууд визээ сунгуулдаг.
2. Виз сунгуулахад шаардлагатай холбогдох бичиг баримтуудыг өгснөөс хойш сарын дараа виз бэлэн болдог. Паспортгүй байх сарын хугацаанд та паспортын хэлтсээс өгсөн лавлах \ справка \  бичгийг биедээ авч явах хэрэгтэй.
3. Хуучин визийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө та визээ сунгуулах шаардлагатай.
4. Таны паспортын хүчинтэй хугацаа 18 сараас багагүй байх ёстой бөгөөд паспорт виз наахад зориулсан 2-оос доошгүй цэвэр хуудастай байх ёстой.

Сургалтын орчин:
РУДН-ы талаархи бүх мэдээллийг та бүхэн www.rudn.ru болон  www.rudnmongol.blogspot.com сайтаас олох боломжтой. Цөөн бус тооны монголын иргэд төсвийн зардлаар \ по бюджету\ РУДН д сурдаг. Харин гэрээний журмаар \ по контракту \ суралцах хүмүүсийн хувьд ямар мэргэжлээр ямар, үнээр сургадгийг мэдэх нь чухал. Сургалтын төлбөрийн хэмжээ болон түүнтэй холбоотой мэдээллийг та бүхэн энд дараад уншаарай.
Одоогийн байдлаар бакалавруудад олгож байгаа сар бүрийн тэтгэлгийн үндсэн хэмжээ 1100 рубль, онц суралцагчдад 1600 рубль, магистр, аспирантуудын хувьд үндсэн хэмжээ 1500 рубль байна. Үүнээс гадна сурлагандаа амжилт гаргасан оюутнуудыг дэмжих зорилготой олон төрлйин нэрэмжит тэтгэлгүүд байдаг.
Сургуулийн харъяа бүхий ямар нэгэн хэлтэс, албадуудад хандах болгонд оюутны үнэмлэхээ         \ студенческий билет\ авч очих ёстой. Оюутны үнэмлэх нэлээд чухал бичиг баримт болдог.

Амьдрах орчин:
1. РУДН 11 дотуур байртайг дээр дурьдсан. Тэдгээрээс 1,2,5,6,7,8-р байр нь 5 давхар бөгөөд энгийн гэсэн ангилалд багтана. Төсвийн зардлаар суралцагчид эдгээр байруудад үнэ төлбөргүй амьдарна. Бусад 9,10, 11, 12,13-р байр нь 18 давхар бөгөөд нэг өрөөнд амьдрах хүний тоо, тохь тухын үзүүлэлтээс хамаараад янз бүрийн үнэтэй байдаг. Энд голдуу хувийн зардлаар суралцагчид амьдардаг.
2. Сургалтын болон оршин амьдрах корпуст тамхи татах хатуу хориотой. Зөрчил илэрсэн тохиолдолд тайлбаргүйгээр байрыг орхин явах хэрэгтэй болно.
3. РУДН-ы бүх корпус галын аюулгүй байдлын сүүлийн үеийн системээр тоноглогдсон. Жилд 1 ээс 2 удаа оюутнууд галын аюулын үед  хэрхэн биеэ авч явах талаар сургуулилтад хамрагдана. Өрөөн дотроо зарим цахилгаан хэрэгсэл ашиглах хориотой.
4. Дотуур байранд амьдрагч хэн бүхэн электрон нэвтрэх үнэмлэхийг \ электронная пропуска \ ашиглана. Бусад дотуур байрлуу нэвтрэхдээ оюутны эсвэл нэвтрэх үнэмлэхээ үлдээдэг бөгөөд оройн 11-30 аас өмнө тухайн байрнаас гарсан байх ёстой.
5. РУДН-ы оюутны хотхон нь \ студенческий городок \ Оросын Их Дээд сургуулиудын хотхоноос шилдгээр шалгарсан бөгөөд суралцах, амрах тухтай орчинг бүрдүүлж өгчээ. Оюутнуудад хэрэгтэй бүхий л үйлчилгээний цэгүүд дотуур байрнуудын дэргэд байрлалтай. Түүнээс гадна 30 гаруй спортын төрлөөр хичээллэх боломжтой спорт комплекс үйл ажиллагаа явуулдаг.
6. РУДН нь өөрийн харъяаны эмнэлэг, цагдаагийн хэлтэстэй хийгээд холбогдох асуудлуудыг өөрийн хүрээндээ шийддэг.
7. Москвачуудын, тэр дундаа оюутнуудын зорчдог гол тээврийн хэрэгсэл бол метро, автобус юм. Метрогоор нэг удаа зорчих билетийн үнэ 26 р, автобусны билетийн үнэ 28 р. Харин оюутнуудын хувьд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Метроны 1 сарын хөнгөлөлттэй билетийн \ проездной билет \ үнэ өнөөгийн байдлаар үнэ 317 р, автобусынх 217 рублийн үнэтэй байна. Автобусны хөнгөлөлтийн билет нь трамвай, троллейбусанд адил үйлчилнэ.
8. 9-р дотуур байранд оюутнуудыг дэлхийн нийтийн сүлжээтэй холбох үүрэгтэй сервер ажилладаг. 1 сарын интернет ашиглалтын төлбөр 317 р. Үүнээс гадна сургуулийн ихэнх байр корпусуудад интернетийн WIFI систем суурилуулсан. Тиймээс зөөврийн компьютертэй хүмүүсийн хувьд үнэгүй интернетэд холбогдох боломжтой.
9. Сургууль нь Москва хотын баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд, энэ район нь үйлдвэрүүдээс хол, хотын хамгийн цэвэр агаартай районд тооцогддог. РУДН-ы оршин байдаг                   Миклуха-Маклай гудамж нь Юго-Западная, Беляево гэсэн 2 метроны станцийн хоорондох гудамж юм.

Жич: Та бүхэн асуух лавлах зүйлээ зөвлөмжийн доор тайлбар үлдээх, эсвэл rudn-mongolia@mail.ru хаягаар хандах байдлаар ирүүлэхийг хүсье. РУДН дэх монгол оюутнуудын холбоо нь оюутнуудынхаа эрх ашгийн төлөө ажилладаг бөгөөд бид та бүгдийн асуултанд хариулахад бэлэн.

Г. Даваадорж

4 комментария:

Unknown комментирует...

Энэ маш хэрэгтэй мэдээлэл бичсэн байна.

Анонимный комментирует...

Хэрэгтэй мэдээлэл байна.
Баярлалаа.

Анонимный комментирует...

Хэрэгтэй мэдээлэл байна.
Баярлалаа.

Unknown комментирует...

bayarlalaa ta buhend

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!