20 мар. 2012 г.

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ!


        Өнгөрсөн оны 12 сард Төрийн Думын сонгууль болж өнгөрснөөс хойш Оросын улс төрийн амьдрал ер бусын бужигнаан дунд өрнөсөөр байна. Ард түмэн сүүлийн 20-иод жил ийм их улс төрийн идэвхитэй байсангүй. Иргэний нийгмийн төлөөллүүд сонгуулийг шударга бус болсон гэж үзэн, хэдэн арван мянган дэмжигчдээ уриалан Москва болон бусад том хотуудад өвлийн жаврыг ч үл хайхран эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулав.
“Путингүй Орос орон” гэсэн уриан дор нэгдсэн жагсагчид 3 дугаар сарын 4 нд болсон ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путинг ялуулчихгүйг ихэд хичээсэн боловч бүтсэнгүй. Гэсэн хэдий ч улс төрийн тэмцлээ үргэлжлүүлж, үе үе хотын гол гол гудамж, талбайд цугларсаар байна. Тэрээр тэд ирэх таван сарын эхээр Путинг Кремлд залрах үеэр “Саяын жагсаал”-ыг зохион байгуулахаар зэхэж байгаа аж. Мөн Нью-Йорк, Торонто, Токио гэх мэт дэлхийн томоохон хотуудад “Шударга сонгууль”-ийн төлөө жагсаал цуглаан болсон билээ. Иргэний хөдөлгөөнийхөн Путинг ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж, төрийн тогтолцоон дахь авилгал, хүнд суртлыг улам гааруулж, хүмүүсийн улс төрийн эрх чөлөөг боомилсон гэж үзэж байгаа юм. Үүнийг нь АНУ тэргүүтэй барууны орнууд дэмжиж байна. Харин Кремлийг тойрсон Путины талынхан мэдээж зүгээр суухгүйгээр, шаардлагатай хариу үйлдлүүдийг алхам тутамдаа хийсээр байна. Ийнхүү Оросын нийгмийн амьдралд хот суурин газрын дунд ангийнхан, сэхээтэн, бизнесменүүдээс бүрдсэн, өнөөгийн төрийн удирдлагыг эсэргүүцсэн албан бус сөрөг хүчин болсон иргэний хөдөлгөөнийхөн болон, Оросын хүн амын дийлэнхийг бүрдүүлэх хөдөө орон нутгийнхны дэмжлэгэд тулгуурласан, засаг захиргааны хүчирхэг аппарат бүхий Путины талынхан гэсэн хоёр том лагерь үүсээд байна. 

         Оросын ерөнхийлөгчийн сонгууль зүгээр нэг улсын улс төрийн үйл явц байсангүй. Яагаад гэвэл Путин гэгч асар нөлөө бүхий хүн сонгуульд ялснаар дэлхийн улс төрийн чиг хандлагад ч өөрчлөлт орох юм. Тиймээс ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадын 6000 орчим ажиглагч, сэтгүүлч ажилласан юм. Парламентын сонгуулийн дараа бий болсон сонгуулийн үр дүнд үл итгэх байдлыг арилгаж, мөн оросын ард түмэн шударга сонгууль явуулж чаддаг гэдгийг дэлхий нийтэд харуулахын тулд Оросын Сонгуулийн Төв Комисс улс орон даяарх 90 000 санал өгөх байранд тус бүр хоёр ажиглалтын камер суурилуулж, тэдгээрийгээ интернетэд холбосон байлаа. Оросууд үүнийг дэлхийд анх удаа хэрэгжүүлсэн гэдгээрээ бахархаж, олон улсын ажиглагчид ч өндрөөр үнэлсэн юм. Энэ өгүүллийг бичигч миний бие ч Курилын арлууд болон Калинанград хот дахь хэд хэдэн сонгуулийн байранд ажиглалт хийв. Олон улсын ажиглагч, шинжээчид санал хураалтын явцад ноцтой зөрчил илрүүлсэнгүй. Гэсэн хэдий ч Борис Немцов (“Эв нэгдэл” хөдөлгөөн), Сергей Удальцов (“Зүүний жигүүр” хөдөлгөөн), Ольга Романова (сэтгүүлч), Алексей Навальный (“Тийм” хөдөлгөөний тэргүүн, нийтлэлч), Ксения Собчак (сэтгүүлч) гэх мэт хүмүүсээр толгойлуулсан иргэний хөдөлгөөнийхөн сонгуулийн үр дүнг үгүйсгэж, Путинг Кремлээс явахыг шаардсаар байна. Алдарт шатрын мастер Гарри Каспоров ч энэ дунд тууж яваа аж. Эрх баричгдын ярьж байгаагаар Оросод бүх юм “ОК” байгаа бололтой. Гэтэл хүмүүс яагаад хэдэн мянгаараа жагсаж, тэдний үйл ажиллагааг эсэргүүцээд байгаа нь сонин. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдгийн үлгэрээр нэг л юм болж өгөхгүй байгаа нь илт. 

     Арван хоёр жилийн өмнө Путин анх ерөнхийлөгч болж байхад оросын ард түмний амьдрал өнөөгийнхөөс долоон дор байсныг бид мэднэ. Нийгэм, эдийн засгийн амьдралд эмх замбараагүй байдал ноёрхож, жирийн иргэд хэдэн сараар цалин, тэтгэврээ авч чадахгүй байсан нь энүүхэнд. Чеченд дайн үргэлжилж, улсын нөөц хэдхэн хүний гарт төвлөрч, гэмт хэрэг газар авч, хүмүүс айдас дунд өдөр хоногийг өнгөрөөж байв. Путин гарч ирснээр олигархуудыг төрийн хэрэгт оролцох боломжийг хааж, улс орныг тэжээгч газрын тос, байгалийн хийн салбарыг төрийн мэдэлд шилжүүлэн, түүнээс олсон орлогоо улсын төсөвт зарцуулснаар инфляци буурч, хүмүүсийн амьдрал илт дээшилж эхэлжээ. Хүмүүс цалин, тэтгэврээ хугацаанд нь авдаг болж, хот газрынхан тансаг хэрэглээнд мөнгө зарцуулчихаар бэл бэнчинтэй болов. Чечены дайн ч дуусав. Үүний ачаар Путин болон түүний намын нэр хүнд асар өсч, улс орны нийгэм, эдийн засгийн бүх салбар, үе шатанд өөрийн нөлөөллийг тогтоож чадлаа. Путины ард түмэнд хүргэсэн хамгийн том ач тус бол тогтвортой байдал юм. 

        Путин олны дэмжлэгийг олоход тусалсан бас нэг том алхам бол Путин Оросын үндэсний ашиг сонирхлыг дэлхийн тавцан дээр хамгаалж, өөрийн байр суурин дээр хатуу зогсож чадсан явдал юм. Тэрээр барууныхан, ялангуяа АНУ Оросын дотоод хэрэгт хэтэрхий оролцож, сөрөг хүчнийхнийг санхүүжүүлдэг гэж үздэг. Энэ үүднээс 2006 онд Оросын Төрийн Дум “Төрийн бус байгууллагын тухай хууль” гаргаж Оросод боловсрол, соёл, шинжлэх ухаан болон ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн ТББ-ын үйл ажигллагааг хориглов. Тухайлбал: Чеченд ажиллаж байсан Их Британы хоёр ч ТББ хууль батлагдсаны дараахан хаалгаа барилаа. Чухамхүү энэ үеэс л Путины явуулж буй улс төрийн бодлого хүний эрхийг зөрчиж байна гэсэн хардлага олны дунд үүсч, барууныхан түүн дээр нь тос нэмж байв. Мөн Путин өөрийн байр суурь, нөлөөллөө бэхжүүлэх хэрэгсэл болгож “НТВ”, “1 дүгээр суваг” зэрэг төв телевизүүдийг “дуулгавартай” болгож дөнгөв. Энэ нь ялангуяа өнгөрсөн оны 12 сард болсон жагсаал цуглааны үеэр илт харагдаж байлаа. Сонгуулийн үр дүнг эсэргүүцэж олон мянгаараа жагссан хүмүүсийг дэлхийн томоохон телевизүүд үзүүлж, интернетэд бөөн шуугиан дэгдэж байхад Оросын 1 дүгээр суваг таг чиг байсан нь олныг үнэхээр гайхшруулж байв. Улс орныг удирдсан 8 жилийнхээ хугацаанд Путин Орос орны эдийн засгийг хөл дээр нь босгож, олон сайхан зүйл хийсэнтэй хэн ч маргахгүй. Гэтэл түүний ерөнхий сайдаар ажилласан 4 жилийн хугацаанд Орос орон өөрчлөгджээ. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг залуу үе өөрөөр сэтгэдэг болж. Өнөөгийн засгийн эсрэг босогчдын төлөөллийг харахад ихэнх нь боловсролтой, шинийг хийж бүтээхийг эрэлхийлсэн сэхээтэн, бизнесменүүд байх юм. Тэд санаж, сэдсэнээ хэрэгжүүлэхэд өнөөгийн төрийн удирдлагын арга барил саад болж байна хэмээн үзэж байгаа юм. Нийгэмд ихээхэн бухимдал бий болж, тэр нь жагсаал цуглааны хэлбэрээр илэрч гарсан нь харагдаж байна. Гэтэл одоогийн нөхцөлд Путинг Кремлээс хөөж явуулна гэдэг “алганы хонхроо хазахаас” өөрцгүй. Орчин үеийн боловсрол эзэмшиж, хөрөнгөжсөн хот газрын дунд ангийнхан Путины эсрэг хатуу зогссон ч хөдөө орон нутгийн сонгогчид болон жирийн албан хаагчид “Нэгдсэн Орос” намыг дэмжиж байна. Яагаад гэвэл 90-иэд оны хар дарсан зүүд шиг дүр зураг ихэнх хүмүүсийн санаанд тодоос тод байгаа. Тэгээд ч Путины бий болгосон “төрийн машин” хамаг хүчин чадлаараа ажиллаж байна. Хүн амын олонхийн дэмжлэгэд дулдуйдсан Путин хуучин арга барилаараа эхэлсэн ажлаа үргэлжлүүлэхийг зорьж байна. Иргэний хөдөлгөөнийхөн болон АНУ нь “Путиныг хүчтэй өрсөлдөгчдөд дургүй, тэднийг зайлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй” хэмээн үздэг. Үнэхээр ч, зарим баримтаас харахад Оросод хүний эрх зөрчигдөж, шүүх шударга бус ажиллаж байгаа нь харагддаг. Тухайлбал: бизнесмен Сергей Козлов нь Путины ойрын хүн болох Владимир Слуцкерын хянадаг хувьцааг хууль бус аргаар эзэмшсэн хэргээр хоёр дахь удаагаа шоронд суух ял аваад байгаа билээ. Энэ байдлаар эдийн засгийн хэргээр хэд хэдэн бизнесмен аавын хаалга татав. Мөн саяхан Казань хотод жагсаал цуглаанд оролцсон нэгэн иргэнийг цагдаа нар шампансканы шилээр цохисноос болж тэр хүн удалгүй эмнэлэгт  нас баржээ. Энэ мэтийн хэргүүдийг барууны хэвлэлүүд өлгөн авч,” Оросод ардчилал байхгүй, яг үнэн хэрэг дээрээ өнөөгийн төрийн удирдлага хуучин ЗХУ-ын арга барилаар ажиллаж хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, дээр дооргүй хээль хахууль газар авсан, Путин нь сөрөг хүчнийхнийг АНУ-ын департамент санхүүжүүлдэг гэсэн хоосон таамаглалд итгэдэг” гэх мэтээр бичдэг. Үүний хариу болгож Путины талынхан “Путингүй Орос” ямар аймшигтай замаар замнаж болох талаар баримтат кино бүтээж, янз бүрийн богино хэмжээний дүрс бичлэг хийж, “Путин бүхнийг чадна” нэртэй хүүхдийн дуу хүртэл зохиох маягаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөлөх чадварыг ашиглахыг хичээж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө Путин өөрийн мөрийн хөтөлбөрийг сонины нийтлэл болгон төрийн төв хэвлэл “Российская Газета”-д хэвлүүлжээ. Улс төрийн гадаад, дотоод бодлого, нийгмийн халамж, эдийн засгийн шинэчлэл, цэрэг армийн сэдвийг хамарсан уртаас урт 5 нийтлэлийг дараалуулан хэвлүүлэв. Энэ мэтээр Оросын эрх баригчид болон иргэний хөдөлгөөн, АНУ гэсэн хоёр лагерын хооронд жинхэнэ мэдээллийн дайн өрнөж байна. Хүний эрхийг улайран хамгаалагч АНУ ч бас тийм хүний эрхийг дээдлэгч улс биш юм. Иракийн хүүхэд, эмэгтэйчүүд нийлсэн 24 жирийн иргэний амийг буудаж хөнөөсөн Америкийн цэргийн албан хаагч эдүгээ хээв нэг гудамжаар алхаж явна. Америкийн “ шударга ёс, энхтайван байдал бүхий Ирак “-ын хотуудад сүүлийн үед бараг өдөр өнжилгүй террористуудын тавьсан бөмбөг дэлбэрч байна. Тэгэхээр хэн хэн нь “НО”-той болж таарах нь. 

       Өнөөдөр Оросын улс төрийн амьдрал эрх баригчдын хувьд ч тэр, иргэний хөдөлгөөн, сөрөг хүчний хувьд ч тэр ихээхэн ээдрээтэй. Путины зам мэдээж дардан бус. 2000-2008 онд хэдийгээр үр дүнтэй ажилласан ч, түүний удирдлагын арга барил өнөөгийн нөхцөлд тохирохгүй гэдэг нь илт болж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд дорвитой өөрчлөлтүүд өөрийн эрхгүй үгүйлэгдэж байна. Түүнээс гадна, нефтийн ордуудаар Оросыг байнгад тэжээх боломжгүй. Орлогын өөр том эх үүсвэр тэр тэргүй хэрэг болно. Оросын саятан, тэрбумтанууд хэдэн зуугаараа Англи руу дүрвэн гарснаар их хэмжээний мөнгө, капитал тэндэхийн эдийн засагт үйлчилж байна. Эдүгээгийн Орос бол 90-иэд оны Орос биш юм. Яг үнэндээ, намаасаа илүү улс төрийн нөлөө бүхий Путин өөрчлөгдөх л хэрэгтэй болох нь. Иргэний хөдөлгөөнийхөн бас мухардлын байдалд орчихсон. “Путингүй Оросыг” хэнээр удирдуулахаа тэд өөрсдөө ч мэдэхгүй гэж болно. Путин болон түүний нам сонгуульд илт давуу ялж, хэдийнэ ажлаа эхэлсэн энэ нөхцөлд тэдний хэтийн төлөв нэлээн бүрхэг болж ирлээ. Байдал ийнхүү үргэлжилвэл Путины машин засгийг эсэргүүцэгчдийн эсрэг хүч хэрэглэх магадлалтай хэмээн барууны хэвлэлүүдэд бичиж байна. Эрх баригчид урьдын адил дүлий дүмбэ оргиод байх юм бол жагсагчид тэмцлийн шинэ тактик сонгох хэрэг гарах нь. Эсвэл жагсахаа болих. Гэтэл дараагийн 6 жил, магадгүй 12 жилийн турш амаа хамхиад, гараа хумхиад сууна гэдэг тэдний хувьд тэсвэрлэшгүй зүйл. Путин гэсэн тоосгыг сугалчих л бол Орос орон гэгч энэ аварга байгууламж нуран унах юм шиг айдас хүн амын дунд түгээмэл байдаг. Оросын ард түмэнд одоохондоо ардчиллаас илүү тогтвортой байдал чухал ажээ.

Г.Даваадорж. Москва. 2010.03





Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!