16 авг. 2012 г.

Хоёр зээрдийн аялал

/Аян замын тэмдэглэл/
Биднийг үүргэвчнүүдээ машиндаа ачин хотоос гарч байхад Төв Цэнгэлдэхэд Улсын Баяр Наадам ид өрнөж байлаа. Хэдийгээр өмнө нэг ч удаа улсын наадам үзэж байгаагүй ч МОНЦАМЭ агентлагийн хамт олонтой явган аялалд явах хүсэл минь дийлэв. 2 жил уул харалгүй, том хотын барилгуудын дунд амьдарсан болохоор арга ч үгүй биз. Хотын тоос шороо, чимээ шуугианаас холдон байгальд гарч цэвэр агаараар амьсгалъя, бас сонирхолтой адал явдалтай учирч юуны магад гэж бодож байлаа. Тус агентлагийн хамт олон 2 жилийн өмнөөс явган аялалыг зохион явуулж эхэлжээ. Төв аймгийн Эрдэнэ суман дахь Хэнтийн нурууны салбар Асралт  Хайрхан уул, Хагийн хар нуур зэрэг үзэсгэлэнт газруудад очиж байжээ. Миний хувьд энэ бол анхны явган аялал байв.  Энэ жил мөн л Хэнтийн нурууны нэг салбар болох Алтан-Өлгий уулыг сонгов.  Интернетээс татаж авсан зураглалын тооцоогоор бол 70-80 км алхах хэрэгтэй байлаа. Аяллын анхны зорилт нь Тэрэлжийн голыг машинтайгаа гаталж, авирах ууландаа жаахан дөхөж очих байв. Тэрэлжийн гол дээр оройн 6 цагийн орчим ирлээ. Нутгийн нэг залуутай ярьж тохиролцоод ГАЗ 66 маркийн машинаар чирүүлэн голоор гарав. Ийнхүү эхний даваагаа амжилттай давав. Гуч орчим км явсны хойно харуй бүрий болоход сүглэгэр уулсын дундах түргэн урсгалт голын дэргэд хоноглохоор болов.

Аяллын баг 8 хүнээс бүрдэж байв. Хэвлэх үйлдвэрийн дарга Баярсайхан. ОХУ-ын Новосибирск хотод их сургууль төгссөн, онигооны баялаг сантай эр, хөгжилтэй инээдэг, багийн хамгийн ахмад нь. Эх бэлтгэгч Батсүх. Аяллын санаачлагч, зохион байгуулагчдын нэг, туршлагатай, хариуцлагатай. Тэрээр явган аялалд гэр бүлийн хамтаар явдаг аж. “Новости Монголии” сонины сурвалжлагч Батсайхан. Мөн л аялалыг санаачлагч, зохион байгуулагч, миний дадлагын ажлыг хариуцагч, тэсвэр хатуужилтай. Багийн цөөнх болох зоригтой эмэгтэйчүүд бол гадаад мэдээний сурвалжлагч Амгалан, япон сонины эрхлэгч Мандухай нар юм. Үүнээс гадна Батсүхийн хүү Буянаа, Батсайхны дүү Амраа нар багийн бүрэлдэхүүнд орсон байлаа. 

Анхны орой хүлээлт, догдлолоор дүүрэн байлаа. Маргааш жинхэнэ аялал эхэлнэ гэхээр бушуухан өглөө болоосой гэж яарна. Эргэн тойрон нам гүм хийгээд голын хоржигноо, хаа нэгтээ байх амьтдын дуу, гал тойрсон хүмүүсийн ярианаас өөр зүйл үл сонсогдоно. Байгалийн сүр хүч, гоо сайхан гэдэг л энэ байх. Хээрийн хоолны амттай, түүдэг галын дэргэдэх ярианы сонирхолтойг яана. Сонин ч гэмээр нэг уламжлал аль ч газрын хүмүүсийн дунд байдаг. Энэ бол харуй бүрий болохоор эхэлдэг чөтгөр шулам, араатан амьтдын тухай яриа юм. Айдас гэдэг сонин мэдрэмж юм. Хүн айж байгаа мөртөө энэ мэдрэмжийг өдөөсөн элдэв яриаг чагнах сонирхолтой. Миний ээлж ирэхэд багаас сонссон, уншсан зүйлээсээ ярив. Тухайлбал: хүргэн ах өвлийн харанхуйд зэлүүд газар, голын гөлгөр мөсөн дээр чонотой халз тулгарсан гэх мэт. Энэ мэтээр бид хэсэг зуур нервээ гижигдэж байгаад унтахаар хажуулав. 

Аяллын эхний өдөр
Би хэрхэндээ аяллын бэлтгэлийг нэлээн хангасан байлаа. Надаас өөр сэлгээний гуталтай хүн алга байв. Хүнс, хоолоо эрчүүд нь хувааж үүрэв. Үүргэвчээ үүрээд аялалаа эхлэхэд хойд зүгт сүндэрлэх олон том уулсын чухам аль нь бидний авирах ёстой уул гэдгийг ялгаж мэдэхгүй л байв. Ямартаа ч зүглээд л явж байхаас. Эхний голоо гатлав. Нэг хэсэг нь гуталтайгаа, нөгөө хэсэг нь гутлаа тайлан яс янгинуулсан хүйтэн устай горхийг гаталлаа. 2-3 цагийн дараа туршлагагүйн маань анхны шинж тэмдэг илрэв. Түрийтэй, үдээстэй том гутлыг нимгэн оймстой өмссөний улмаас хөлөө холгож орхив. Гэвч нэг их тоосонгүй цааш явав. Бага үдийн хирд биднийг хөтөлсөн зам ялаа, шумуул, хөх түрүүгээр дүүрсэн шигүү бут торлогтой голын хөндийд авчирлаа. Өглөө гарсан голоо хэрж ахин хэд хэдэн удаа гаталлаа. Сүүлдээ гутлаа тайлахаа ч болив. Нарны халуун, ялаа шумуулны дайралтаас зугтааж голын хөндийгөөс холдохоос өөр аргагүй болов. Үдийн цайгаа уусны дараа авирах уулаа тодорхойлж аяллаа цааш үргэлжлүүлэв. Баярсайхан ах онигоо ярих авьяастайн хажуугаар ямар ч нөхцөлд хээрийн гал ноцоож чаддаг нь тогтоогдов. Бороо орж байсан ч бид час хийсэн шөл болгоод идчихэв. Уулыг зүглэсэн замууд цөөрч, үлдсэн ганц нь улам бүдгэрэв. Хэвлэлийнхэн л болсон хойно замын турш тасралтгүй зураг авч бичлэг хийсээр явлаа. Голын бэлчрээс нэгэнт холдож уулын хормойг зүглэхэд бага зэрэг ядарсан байв. Орой болтол алхсаны хойно уулынхаа бэлд ирж нэгэн налуу дээр хоноглохоор болов. Ундны усны эрэлд гарцгаалаа. Хаа нэгтээ голын чимээ сонсогдов ч бүрэнхийд төөрөхөөс болгоомжилж нэгэн жимийг даган ус хайв. Нэлээд явсны эцэст шанаган хорхойнууд хөвсөн тогтоол ус олж хуванцар савнуудаа дүүргэв. Өглөөний сэтгэл хөдлөл дарагдсан байв. Бие илт ядарсан нь мэдэгдэж байлаа. Хүнд нойтон гуталтай өдөржин явсны улмаас хөл бадайрна. Гэвч маргааш аяллын хамгийн хүнд өдөр болно гэдгийг мэдэж байв. Учир нь ус багатайн дээр ачаа ихтэйгээр уул өөд мацах юм. Шанаган хорхойтой усаараа цай чанаж, хоол хийв. Тогоон дээр ус хийх хооронд шанаган хорхойн дээр нэмээд шоргоолж, шумуул тэргүүтэн ундны маань усанд орж амжсан байв. Ийнхүү гурван шавьжтаны шөл зооглож аваад унтацгаав. 


Хоёр дахь өдөр.
Өглөө босоход манан буусан байлаа. Цайгаа ууж галын дэргэд гутлаа хатаах байхдаа хөлийн цэврүүнүүд нэлээн томорсныг анзаарав. Энэ өдрийн аяллыг эхлэхээс өмнө хоёр асуудлыг шиидэх хэрэгтэй байв. Нэгд, хангалттай ус нөөцөлж авах. Хоёрт аль болох бартаа багатай газраар, зөв чиглэлээр ууландаа авирах. Цаг орчмын дараа дээрх асуудлуудыг шийдэв. Интернэтээс авсан зураг байхгүй байсан бол яаж явах байсныг төсөөлөхөд хэцүү. Газрын тэгшхэнийг хэсэг дагаж явсны дараа модон дундуур огцом өөд мацаж эхэллээ. Том үүргэвчтэй, газар нойтон, бартаа ихтэй учир жаахан яваад л амсхийж байв. Өндөрт гарахын хэрээр эргэн тойрны байр байдал нүднээ ил гарч байгалийн өнгө үзэмж, сүр хүчин улам тодорч байлаа. Модон дундуур бүгчим агаарт хөлсөө дуслуулан мацаж байсан бол бага үд болоход модноос гаран чулуутай залгаж уулын оройд дөхөхөд сэрүүн салхи тааламжтай үлээж байв. Хүмүүсийн яриагаар 5 сард уулын оройд цас байдаг аж. Өөд өгсөх тутам үүргэвч улам хүндэрнэ. Ийнхүү хагас өдөр мод чулуун дундуур зүтгэсний эцэст уулынхаа оройд гарав. Уулын орой чулуулаг тэгшхэн байв. Гарсан даруйдаа бид  жижиг овооны өмнө сөхрөн сууж хөх тэнгэртээ мөргөв. Арц хүж уугиулж, сүү цагаан идээ өргөх зэргийн ёсыг үйлдэж, тэрхүү Хайрханд хүслээ шивнэв. Энэ өндөр уулын оройгоос эргэн тойрныг харахад ер бусын мэдрэмж төрж байлаа. Уулын оройд гарснаар бид зорьсон газраа хүрч буцах маршрут эхлэв. Нар жаргахаас өмнө амжиж гүнжийн сүмд хүрч хонох төлөвлөгөөтэй байлаа. Уулын уруу буух нь өгсөхөөсөө дутахгүй ярвигтай ажил ажээ. Хоноглох газар хүртэлх замын ерэн хувь хад чулуутай байв. Шовх чулуу таарах болгонд хөлийн улан дахь цэврүү хөндүүрлэнэ. Бид авирсан оргилоосоо буучихаад нөгөө талын нуруулаг өндөрлөгт гарахдаа нэгэн сонин зочинтой тааралдав. Цувааны дунд хэсэгт явж байтал ард явсан хэн нэгний “Баавгай! Баавгай!” гэх дуун гарав. Эргээд хартал үнэхээр нэг баавгай бидний ааруул, цагаан идээ үлдээсэн газраас уул уруудан харайж явах нь тэр. Үүргэвчээ газар шидэн дотроос нь дуран авч солин хэрхэндээ л хурдан ажиллав. Баавгайг жалга уруудан далд орохоос өрсөж ганц хоёр кадр хол байсан ч дарж амжив. Баавгайтай таарсандаа аяллын баг ихэд бэлэгшээж, баян хангай ивээж байна хэмээн ярилцсаар замаа цааш үргэлжлүүлэв. Энэ өдрийн зам үнэхээр ярвигтай байж түргэн алхлах боломжгүй байв. Гүнжийн сүмд хононо гэсэн төлөвлөгөө нурж, уулнаасаа бүр бууж майхнаа зоохоор шийдэцгээв. Уулын чулуутай энгэр уруудан буух үе бол миний хувьд энэ аяллын хамгийн хүндрэлтэй үе байв. Нөгөө л цэврүүнээс болж хазганахад хүрч, хэд алхаад л зогсоно. Ингэж явсаар хонхор гүдгэр ихтэй нэгэн налуу газарт буудаллав. 





3 дахь өдөр
Шинэчилсэн төлөвлөгөөгөөр хоноглосон газраасаа өөр нэг уулын чулуут оройгоор дамжин яваад доош ахин бууж гүнжийн сүмд жаахан саатаад анх машинаа буцааж явуулсан газартаа дөхөж хонох ёстой байв. Хагас өдөр модон дундуур явсаар энгэрт нь гүнжийн сүм орших уулын оройд гарав. Мөн л чулуутай. Төлөвлөгөө ахин нурж, нар шингэхээс өрсөж сүмээ олох нь чухал болов. Ахин уулаа уруудаж эхлэв. Гүнжийн сүм энэ дор байгаа, байхгүй гэж баахан маргалдав. Гэвч Батсүх ах, гүүглийн зураг хоёр андуурсангүй. Үдэш болохын хэрд яг л гүнжийн сүмийн дээрээс буулаа. Тэв тэгшхэн газар майхнаа зоов. Гэвч энэ өдрүүдэд нэг л хүнд аз дайрсангүй. Тэр нь юу гэвэл хэвлэх үйлдвэрийн дарга Баярсайхан нэг ч удаа тэгшхэн газарт хажуулж чадсангүй. Эхний өдөр газрын хэвгий таарч, дээр нь гулгадаг гудастайн улмаас шөнөжин авиралт хийж хоносон байна. Хоёр дахь, гурав дахь өдрүүдэд угаас бүгд налуу газар унтсан билээ. Энэ удаа ч мөн Баяраа ахын маань тэгшхэн газарт унтах хүсэл талаар өнгөрч, майхны голд түүний гудсан дор том гэгчийн аргал таарав. Тэрээр өдөр шөнөгүй ууланд авирах юмуу уул тойрсоор байгаад таарлаа хэмээн хошигнож байв. 

4 дэх өдөр
Өглөө босч гүнжийн сүмээ сонирхон үзэж, зураг хөргөө татуулав. Сүм нууцхан хийгээд тэгш үзэсгэлэнтэй газарт байрлажээ. Энэ сүмийн түүхийг их зохиолч Б.Ренчин “Гүнж” өгүүллэгтээ хальт дурдсан байдаг.

Манжийн хаад Монголыг эзэлж, ноёдыг нь өөрсдийн дуулгавартан болгон барьж эзэгнэхийн төлөө тэдэнтэй ургийн холбоо тогтоож, хааны буюу шадар ноёдынхоо авхайг монгол ноёдын хатан болгодог байжээ. Ийн учир Энх-Амгалан хааны долоон охины нэг Хичээнгүй Амарлингуй гүнжийг 1617 онд Түшээт хан Чихундоржийн ач хүү, Галдандоржийн хүү Довдондоржийн хатан болгон өгчээ. Тэр гүнж ухаантай сэргэлэн, манжийн хааны ордны дүрмийг гэртээ яг баримталж гэрийн цаазыг маш хатуу сахидаг, өглөө эрт босож үдэш орой унтаж, хооллох ундлах цаг мөчийг тогтмол чанга баримталдаг байснаар нь хошуу олноороо түүнийг догшин гүнж гэж нэрлэдэг байжээ. Гүнж хатан таалал төгсөхдөө “Миний цогцосыг хятад газар бүү аваачаарай. Би монгол хүний эхнэр тул монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай” гэж гэрээсэлсэн юмсанж. Тэр ёсоор нь дээрх сүмийг барьж, гүнжийн цогцосыг алтан дотортой цагаан авсанд хийж, алтан мөнгөн хүний дүрс, таван хошуу малын сийлбэрт эрдэнийн чулуу зэргийг хийж сувдан цамц өмсгөн оршуулжээ. Тэдгээр зүйлсийн ихэнхийг монгол дархан Дандаа гэдэг хүн урлан бүтээжээ. Мөн гүнжийн түүхийг 5 алд цагаан торгон дээр хятад үсгээр бичиж авсанд хийсэн гэдэг. Гэвч энэ сүм он цагийн хатуу урсгалыг даасангүй. Одоо түүнээс зөвхөн нурсан хэрэмний эвдэрхий туурь л өнгөрсөн түүхийн гашуун туульсыг хайлах мэт нар салхи, хур бороонд илэгдэн, эзгүйрэн хөсөрджээ.

Гэлээ ч монгол хүн, хайр сэтгэлдээ үнэн ч үлдсэн харийн бүсгүйг мартсангүй. Түүний тухай сайхан дурсамж, амнаас ам дамжин хуучилсаар домог болон өнөөг хүрчээ.

Төв аймагт Тэрэлжээс хойш Гүнжийн сүм байдаг ба сүмд маш ховор гэрийн эдлэл зүйлс, гүнжийн хэрэглэж байсан гоёл чимэглэл, эд үйлс байсан ба тэдгээр нь 1937-1939 онуудад үндсэндээ бүрэн тоногдсон аж.
Сүмээс уруудсан замаар хэсэг зуур намгархаг газраар явсны эцэст сая л нэг бартаагүй шулуун замд оров. Хүн бүрийн толгойд өнөөдөр харина гэсэн бодол байлаа. Товлосон газраа өдрийн дөрвөн цаг гэхэд биднийг машин ирж авах ёстой байв. Замд тааралдсан жуулчны баазаар хөргөгчний ундаа авч ууснаар соёл иргэншилтэй золгов. Товлосон газраа ирж хувцас майхнаа хатаан тухаллаа. Сүүлчийн өдөр учир үлдсэн бүх махаараа хоол хийж орхилоо. Гэвч уламжлал ёсоор төлөвлөгөө дахин биелсэнгүй. Нар жаргатал хүлээсэн болов ч машин ирсэнгүй. Хүн бүр өөр өөрийн таамгийг дэвшүүлэв. Энэ зэлүүд газар утасны сүлжээ алга байв. Дараа өдөр нь ажлын шинэ долоо хоног эхэлнэ. 
 
5 дахь өдөр
Бороо шивэрсэн уйтгартай өглөө биднийг угтлаа. Тэрэлжийн голын эрэгт Улаанбаатар -2 хэмээх тосгон хүртэл ахин 30 км алхах хэрэгтэй. Нэг нэгнээсээ хол тасран урт гэгчийн цуваа үүсгэн алхаж эхэллээ. Арваад км яваад анхны айлын ойролцоо ирэв. Бидний хашгирахыг сонсоод нэгэн өвгөн мотоцикл хөлөглөсөөр давхиж ирлээ. Өвгөнөөс зарим нэгэн тусламж авахыг хүссэн болов ч бүтсэнгүй. Сүү тараг худалдаж авъя гэтэл үхэр тугалаа нийлүүлчихсэн гэв. Утсаар яръя гэтэл утас нь эвдэрчихсэн гэв. Машинаар хүргүүлье гэтэл бас тэр нь явахаа больчихсон гэлээ. Энэ мэтээр бидний асуусан бүх зүйлд бүтэлгүй хариулт өгч байлаа. Ер нь энэ хүн за гэдэг үгийг их ховор хэлдэг юм шиг санагдав. Айхтар нарийн амьтан юм даа гэж ярилцсаар цааш хөдлөв. Нэгэн толгой дээр гартал утасны сүлжээ орж ирлээ. Биднийг аялж явах хойгуур олон сонирхолтой үйл явдал болжээ. Нэгдүгээрт, нийслэл хотын орчмоор их хэмжээний бороо орж гол горхинууд догширсон байв. Хоёрдугаарт, биднийг ирж авах ёстой байсан жолооч Тэрэлжийн голд машинаа золтой л хөвүүлчихээгүйг мэдэв. Мөн бид сураггүй алга бологсдын тоонд түр ороод амжсан байв. Онцгой байдлынханд биднийг асууж сурагласан ар гэрийнхний дуудлага ирсэн байлаа. Үнэхээр уул ус биднийг ивээж Тэрэлжийн орчмоор орсон их бороо бидний аяллыг саатуулсангүйг мэдэж авлаа.
Гучин км-ын зайг хагас өдрийн дотор туулж, Тэрэлжийн гол дээр ирлээ. Биднийг тэнд хүлээж байсан жолоочтойгоо уулзсанаар аялал маань төгслөө.

Комментариев нет:

1.Блогийн хуудсыг зөв нээхийн тулд Mozilla Firefox, Google Chrome, Opera зэрэг хөтчийг ашиглана уу!